Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад Монгол Улсын нийт өрхийн 76% нь хуримтлалгүй байдаг байна. Энэ нь ямарваа гэнэтийн асуудал гарахад эдгээр өрхүүд санхүүгийн хувьд хүнд байдалд орох эрсдэл өндөр гэсэн үг. Тухайлбал одоогийн Корона вирусын тахлын үеийг жишээ болгож болно. Эдгээр өрхүүд тогтмол орлогогүй, хувиараа аж ахуй, бизнес эрхэлдэг бол нөхцөл байдал аль хэдийн хэцүү байгаа. Харин эсрэгээрээ хуримтлалтай, хадгаламжтай байвал одоогийнх шиг хэцүү үед ядаж тэр хуримтлалаасаа хэрэглэх сонголт байх юм. Ингээд хуримтлал хийх талаар ярилцъя.
Олонх хүмүүс амьдралаа өнөө маргаашаар харж, үргэлж одоо байгаагаар байх юм шиг санадаг. Гэтэл 5-10, 20 жилийн дараа амьдралаа ямар байх бол гэж та боддог уу? Ялангуяа нас залуу, эрүүл, амьдрал боломжийн байгаа дээр энэ тухай бодож, ирээдүйгээ төлөвлөх нь чухал. Хуримтлалыг хэдий эртнээс эхэлнэ, төдий чинээ санхүүгийн сахилга бат, зөв дадалтай болж, амьдралын тань хэв маягийн нэг хэсэг болно. Тиймээс хаанаас яаж эхлэхийг амьдрал дээрх энгийн жишээг авч тайлбарлая.
Эмэгтэй хүн бүр сайхан хумстай байх дуртай. Өмнө нь ихэвчлэн өөрөө янзалдаг байсан бол одоо үед хялбарчлаад гоо сайхны газар очдог болсон. Би гэхэд хурим найрны үеэр, гадагшаа явах, зун аялах гэх мэт цөөн тохиолдолд маникюрт ордог. Харин тэр үеэр миний нэг анзаарч, гайхдаг зүйл бол захиалга өгөхөөр залгасан газрууд бүгд битүү байдаг. Арай гэж цаг аваад очиход 5-6 ширээ дүүрэн охид, хүүхнүүд хумсаа янзлуулж сууна. 15-тай болов уу гэмээр охидоос эхлээд 60 хүртэлх насны эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр хүмүүс долоо хоногт нэг хийлгэж байна уу, сард нэг хийлгэж байна уу, над шиг жилдээ нэг очиж байна уу, сайн мэдэхгүй. Одоогоор тийм судалгаатай дайралдаагүй байна. Гэхдээ гол сэдэвтэйгээ уялдуулж тооцоолол хийх үүднээс сардаа нэг маникюр хийлгэдэг гэж бодъё.
Нэг маникюр дунджаар 30,000 төгрөг байдаг. Хэрвээ сар болгон хумсаа янзлуулдаг бол жилийн 360,000 төгрөг хумсанд зарцуулж байна гэсэн үг. Харин энэ мөнгөө сар бүр, 10 жилийн турш хадгаламжинд хийвэл яах болоо?
Сар бүр таны хадгаламж өсөхөөс гадна, хүүгийн орлого нэмэгдэж нийт хуримтлал өснө. 10 жилийн дараа гэхэд 6,954,132 төгрөгийн хадгаламжтай болж, үүнээс 3,254,132 төгрөгийг банк хүүнд танд өгнө.
Энэ бол зүгээр нэг энгийн жишээ. Яагаад маникюраар жишээ авсан юм гэхээр сайхан хумстай байх бол хоол идэх, хүүхдийн живх авах шиг амьдралын зайлшгүй хэрэгцээ биш юм. Байсан ч, байгаагүй ч амьдралд дорвитой нөлөөлөхгүй. Дээрээс нь надад залуу охид хайран мөнгөө дэмий юманд үрээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр уншигч та ч гэсэн өдөр тутмынхаа орлого зарлагыг нарийн тооцоолж, амьдралдаа хэрэггүй зардлуудыг танаж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна. Маникюрээс гадна гадуур их хооллох, шоудах, үнэтэй кофе уух зэрэг олон жижиг дадал зуршилдаа өөрчлөлт хийхэд, ирээдүйн амьдралдаа том нэмэр болж болно.
2.5 сая төгрөгийн орлоготой хүн/өрх татварын дараах 1 сая төгрөгийг нь хэрэглээндээ зарцуулж, 1 сая төгрөгийг нь хадгаламжинд хийхэд 10 жилийн дараа 221 сая төгрөгтэй болно. Энэ хүн/өрх 25 настайгаасаа эхэлж хуримтлал хийсэн гэж бодоход 35 насандаа зээл авахгүйгээр (хүү төлөхгүйгээр) өөрийн гэсэн орон сууцтай болж болно.
Хүн өөрийнхөө мөнгийг яаж зарцуулах нь миний асуудал биш л дээ. Гэхдээ би одоо боддог юм: намайг дөнгөж орлоготой болж эхлэхэд хэн нэг нь ингээд зөвлөөд, хуримтлалтай байхын үр ашгийг тайлбарлаад өгсөн бол би өдийд хадгаламжиндаа нилээн их мөнгөтэй, амьдрал их өөр байх байсан юм шиг санагддаг. Тиймээс би нэг ч болтугай хүний амьдралд нэмэр болох болов уу гэсэн үүднээс бичиж байгаа юм. Зүгээр л жилийн эцэст авдаг НӨАТ-ын 2%-ийг бодоод үз. Тэрүүхэн тэндээ нэмэртэй л байдаг биздээ тэ?
Хуримтлалтай болох, хадгаламж хийх талаар Монгол Банкнаас гаргасан гарын авлага их хэрэгтэй санагдсан. Завандаа дараах холбоосоор орж уншиж, гэр бүлтэйгээ хуримтлалын талаар ярилцаарай:
Мөн арилжааны банкуудын хадгаламжийн хүү өөр өөр байдаг тул, хадгаламж нээхээсээ өмнө нарийн судлах хэрэгтэй. Анхан шатны тооцоо гаргахад эдгээр тооцоолуурууд хэрэг болох байх:
Хуримтлалын талаар бусад нийтлэлүүд:
"Хуримтлал ба эдийн засаг"- https://www.caak.mn/view/8263845/
Монгол үгүйлсэн "Үндэсний хуримтлал" - https://ikon.mn/n/l9h
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хялбар арга бол хуримтлал- http://www.olloo.mn/n/22868.html
Хуримтлал хэзээ ч хямрахгүй- https://news.mn/r/707859/