feawfaewgae

Аавын захиа(с)

Өнөөдөр аавын маань төрсөн өдөр. Өдийг хүртэл аавынхаа талаар нэг их олон удаа ярьж, өөрт нь зориулж сэтгэлээ илэрхийлж байсангүй. Тиймээс өнөөдөр онцгойлон аавынхаа тухай сайн сайхныг нь дурсмаар санагдлаа.

Миний аав Жанцангийн Бат-Ирээдүй гэж Монгол хэл судлаач, эрдэмтэн, доктор профессор хүн бий. Баянхонгор аймгийн Заг сумын малчин айлын ууган хүү болж мэндэлсэн. Хар багаасаа хатуу хөтүүг үзэн өсч, хэрхэн хүн болсон тухайгаа дүү бид нарт их ярьдаг байж билээ. Тэр түүхүүдийг нь миний хүү яриулах бүр дуртай.

Аав маань Монгол хэл судлалын ангийн оюутан болж анх Улаанбаатарт ирээд, МУИС-ийн хоёрдугаар байрны шатан дээр ээжтэй танилцсанаар манай гэр бүлийн амьдрал эхэлсэн гэдэг.

Айлын ганц охин байхдаа аавтайгаа. Миний хамгийн дуртай зургуудын нэг
Аав миний мэдэх хамгийн хөдөлмөрч хүмүүсийн нэг. Хар залуугаасаа их эрдэмтэн, хэл судлаач Чой.Лувсанжав гуайн шавь болж, өдөр шөнөгүй сууж сурсантай нь ч холбоотой байж магад. Ээжтэй минь болзох цаг ч өгдөггүй, чанга хүн байсан гэдэг. Одооныхоор бол ментор нь гэхүүдээ. Тэгэж их хөдөлмөрлөснийхөө хэргийг гарган, дөнгөж 29 насандаа Лондонгийн их сургуульд Монгол хэлний багшаар ажиллах боломж гарсан нь социализмаас зах зээл рүү шилжиж, Монголд амьдрал хэцүү байсан үед манай гэр бүлд маш олон боломжийг нээж өгсөн, азтай тохиолдол байсан юм.
Хамгийн анх Лондонд буусны дараа. Heathrow нисэх онгоцны буудал.
1991 оны 12 сарын 28.
Лондон бол үргэлж дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэгд тооцогддог. Тэр үед аавын цалин хаана ч хүрэхгүй, Монголын Элчин сайдын яамны нэг өрөөг түрээсэлж амьдардаг байлаа. Манай гэрт олон таван зугаацах юм байдаггүй, зурагт л бид хоёрын зугаа болно. Тухайн үед хүүхэд байсан учраас юмны сайн муу, сайхан муухайг нэг их ялгадаггүй, ийм л байх ёстой гэж боддог байж. Мэдээж хүүхэд болсон хойно бусдыг хараад идэж байгааг нь идэж, өмссөнийг нь өмсмөөр л санагддаг байсан. Гэхдээ хамгийн гол нь бид хоёрыг хайр, хүмүүжлээр дутаагаагүй.  Харин ч юм ховор байх тусам үнэ цэнийг нь илүү сайн ойлгодог болсон. Эргээд харахад аав ээж хоёр маань дүү бид нарыг элбэг дэлбэг өсгөөгүй ч байсан бүхнээ л зориулж, ялангуяа боловсрол, англи хэл сурахад нь хамгийн их анхаардаг байв.

Лондонгийн Амьтны хүрээлэнд
Дүү бид хоёр (бага дүү хожуу гарсан) барагтаа шинэ тоглоом авдаггүй, хааяа баяраар эсвэл цалин буухад McDonald’s-ийн хүүхдийн хоол буюу Happy Meal авч, дагалдаж ирэх тоглоомууд нь бидний тоглоомын цуглуулга болдог байлаа. Мөн цалин нь байр хоолноос өөр юманд хүрдэггүй тул ном авах боломжгүй. Гэсэн хэдий ч аав нийтийн номын санд карт нээлгэн, амралтын өдөр дагуулж очоод, хүүхдийн тасагт нь өдрийг хамт өнгөрөөдөг байв. Тэндээс уншихаар сонгосон номнуудыг түрээсэлсэн хэсэгхэн хугацааг ашиглан ажил дээрээ аваачиж канондоод, бид хоёрын анхны “номын санг” хүүхдийн номын цуглуулгаар дүүргэв. Энэ мэтчилэн ээж аав хоёр маань бүхий л боломжоороо бид хоёрын хэлийг сайжруулахад анхаардаг байсан юм. Мөн газар үзүүлж, соёлтой танилцуулахыг ч марталгүй цалингаа хурааж байгаад гэрээрээ аялна. Лондонд 4 жил амьдрах хугацаанд 3 удаа Парис орж, Англи дотроо бусад хотуудтай танилцсан нь хамгийн тод үлдсэн дурсамжууд.


Eiffel-ийн цамхаг доор. Парис, Франц. 1992 он
Монголдоо буцаж ирсний дараа аав харьцангуй хичээл номонд анхаарах нь багассан. Тэр нь дүү бид хоёрыг өөрсдөө чадна гэж итгэдэг байсных уу, ажил нь ч ихсээд завгүй болов. Ямартай ч уралдаан тэмцээнд оролцоод түрүүлбэл баяр хүргэнэ. Харин 2 эсвэл 3-р байранд орох юм бол “Хэн нэгт орсон?” гэж асуудаг байж билээ. Хүүхэд байхдаа бол тэр үгэнд нь маш дургүй, дотроо битүүхэн уур хүрч, хор шар гозолзоно. Ухаан суусны дараа эргээд бодоход охиноо үргэлж 1-т яваасай л гэсэн сэтгэл нь тэр байсан юм болов уу гэж ойлгодог. Гэхдээ биднийг бол барагтаа л худлаа магтаал, хий хоосон үгээр хөөргөдөггүй. Намайг хүний дэргэд сайлж, магтаж, гайхуулахыг нь ерөөсөө сонсож байгаагүй. Тэр нь нэг талаар магттал нь сайн юм хийх хүсэл төрүүлж, улам хурцалдаг юм болов уу даа.

Миний аав гурван охинтой. Би айлын том нь. Охиддоо их зөөлөн хандана, ялангуяа хоёр багад бол барагтаа л үг хэлж чаддаггүй. Юм хэлбэл ээжээр дамжуулж хэлнэ ккк. Харин хааяа нэг үг хэлбэл голыг нь олоод хатуухан хэлдэг. Тэр нь миний хувьд лав хүмүүжил болж үлдсэн тохиолдол олон. Дүү нарт яаж тусдгийг сайн мэдэхгүй хэхэ.

Монгол хэлний хүн болоод ч тэр үү аав маань захиа, илгээмж бичих их дуртай. Угаасаа ч саяхныг болтол интернэт гэж байсан биш. Хэлэх үгээ, захих захиас, ерөөлөө дандаа бичгээр өгдөг. Хүүхэд байхад аав ажлаар их гадагш явахаас гадна Герман, Япон, Австрали, Америк зэрэг улсуудад байдаг дэлхийн томоохон их сургуулиудад багшилж, эрдэм шинжилгээний төвүүдэд судалгаа хийдэг байв. Тэр болгондоо тухайн газрын гоё зурагтай ил захидал бидэн рүү явуулж, сайн яваагаа мэдэгдэнэ. Заримдаа шуудан удаанаас болоод явуулсан илгээмжээсээ түрүүлээд өөрөө ирчихсэн байдаг байж билээ. Ямартай ч биднийг захидлаар харьцах соёлд их багаас сургасан. Бидний бага байхдаа бичиж байсан захидал бүрийг одоо хүртэл хадгалчихсан, хайрцаг хайрцгаар гэрт нь бий.




Харин би өөрийнх нь намайг анх 17 насандаа ганцаараа Германаас Лондон руу явах үед бичиж байсан захиасыг нь одоог хүртэл хадгалснаа болон ганц хоёр илгээмжээс нь хуваалцаж байна. Захидлыг эргүүлж уншихаар яг анх унших үед мэдэрч байсан мэдрэмж эргээд санаанд ордгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэх бизээ. Энэ захиасаараа аав миний амьдралын замыг засаад тавьчихсан ч юм шиг санагддаг.

"Замдаа унших захиас"


“…Аав нь хэлтэй болохоор чинь итгэж л байна. Миний охин дажгүй сайн явах байх. Муу хүмүүсээс холхон яваарай. Замдаа сайн яваад очоорой. Аав нь. 2003.10.28”.

"Том толгойтой" Хонгороо Биг Бений өмнө.
Аавын дарсан зураг. Лондон, Англи.
2004 оны 1 сарын 1.
Энэ захиаг эргээд харахаар яг тухайн үед мэдэрч байсан айдас, гэгэлзэл, төлөвлөгөө, ганцаардал бүгд нэгэн зэрэг мэдрэгддэг юм. Одоо бодоход би ч их дураараа байж. Юугаа ч мэдэхгүй том толгойтой охин, Монголд сурахгүй гээд хаа холын Английг хоосон хармаатай шахуу зүглэнэ гэхэд хорьж болиулаагүй, байсан мөнгөө өгөөд, дураар минь явуулсан. Үүний цаана надад итгэсэн итгэл нь байсан байх. Харин энэ туршлагын үр дүнд би бие дааж, хүний нутагт “амь зууж” сурахаас гадна миний олон удаа гадаадад амьдарч, хөлөө олох аялалын эхлэл болсон юм. Ямартай ч өнөөдрийг хүртэл миний хийнэ гэснийг дураар минь хийлгэж, ниснэ гэсэн зүгт нисэхэд үргэлж ард минь дэмнээд, чадна гэдэгт итгэл дүүрэн байж байдаг тандаа чин сэтгэлээсээ баярлалаа!







Хүн гэдэг сонин амьтан хэрэлдэж маргахдаа нүүрийг нь харж байгаад хэлчихдэг мөртлөө нэг нэгэндээ сэтгэлийн үгээ илэрхийлэх болохоор өөрт нь биеэрээ хэлэхдээ их тааруухан байх юм. Харин тэр болгоныгоо цаасан дээр захиа болгон бичвэл хэчнээн их нээлттэй, сэтгэлээ уудалж, чөлөөтэй, бодсон болгоноо хэлдгийг үүнийг бичиж суухдаа анзаарлаа. Хайртай хүмүүсээ амьд байгаа дээр зүрх сэтгэлдээ байдаг нандин зүйлсээ хэлж байхгүй бол өнгөрсөн хойно нь “алтан хөшөө босгоод ч нэмэргүй” гэж үг байдаг даа...Тиймээс та бүхэн ч гэсэн хааяа үзэг цаас барьж аваад гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүсдээ сэтгэлээ онгойтол сайхан захидал бичиж байгаарай.

Аавдаа хэлэх сэтгэлийн үг үй түм бий ч зах зухаас нь дурсахад ийм байна.



COMMENTS

BLOGGER: 7
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Аавын захиа(с)
Аавын захиа(с)
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCbIQr3d8C_vAihgv-nDABxI7urGHKD-3UTOuWIGFI1J543J5Zw_FJWcY6Ed9OAUP8QK-1dUmpFdgB1Zsz1PZb2R4qkWyZZSqTVYVExNwW_DtQLanP704MSJjwKvpRKhgKFvJNRNYOCIE/s400/aav.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCbIQr3d8C_vAihgv-nDABxI7urGHKD-3UTOuWIGFI1J543J5Zw_FJWcY6Ed9OAUP8QK-1dUmpFdgB1Zsz1PZb2R4qkWyZZSqTVYVExNwW_DtQLanP704MSJjwKvpRKhgKFvJNRNYOCIE/s72-c/aav.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2020/03/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2020/03/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy