Энэ зуны ид завгүй ажлын үед гурван нас ч хүрээгүй байсан охин маань гэнэт халуурч, бие нь тавгүйрээд, хоолой нь өвдсөн юм болов уу гээд том хувийн эмнэлэгт үзүүлтэл баахан шинжилгээ авснаа зүгээр л хоолойны эм өгөв. Эмчид үзүүлснээс хойш гурав хоног тасралтгүй халуураад байхаар нь арга ядаад өөр хүүхдийн эмч олж үзүүлтэл хэл амаар нь дүүрэн идээтэй, ногоон шар юм гарсан байв. Ингээд хоол ч идэхгүй, юм уухгүй, жижигхэн дээрээ бүр турахыг нь хараад нилээн хямарлаа.
Ээж хүн л болсон хойно эргэн тойронд байгаа ээжүүдэд ярьж, зөвлөгөө авах горьдлого тавив. Харин эдгээр хүмүүс дундаас санаандгүй байдлаар сэтгэл зүйчид хэлтэл “Хүүхэд ээжээсээ холдохоор стрессддэг, стрессдэхээр дархлаа сулардаг, дархлаа сулархаар хамгийн түрүүнд бактер үрждэг. Тиймээс эдгэрэлтийг нь түргэсгэхийн тулд хамт бай” гэж зөвлөв. Ингээд ёоонк хийтэл хайж байсан хариултаа авч, амралтын өдрүүдэд баахан ажил төлөвлөсөн байснаа хойшлуулаад, 2-3 хоног охинтойгоо байхдаа эмчийн өгсөн эмчилгээг хийхийн зэрэгцээ биеэрээ хамт байж, сэтгэл санааг нь засч "эмчлэв". Харин хөл хорио болсноос хойш хүүхдүүд өвдөхгүй сайхан байгаа нь байнга хамт байгаад байгаа болохоор сэтгэл зүй өөдрөг байгаагийх ч байж магадгүй гэж бодогдоод байгаа. (мод тогшив).
Эндээс тухайн үед дараах 2 дүгнэлтийг хийв:
1. Хүүхдийг өвдөхөд болон өсгөхдөө зөвхөн анагаах ухаан талаас биш, үүний зэрэгцээ сэтгэл зүй талаас нь эдгээх, хөгжүүлэх ямар арга зүй, хэлбэр байдаг талаас нь судалж, зөвлөгөө авч баймаар юм байна. Ээж нь мянга үнэтэй эм авч өгсөн ч дэргэд нь байхгүй бол эдгэрэлт их удаан байж, үр дүн муутай байх нь байна.
2. Ээж, эмэгтэйчүүд бидний хувьд work-life balance буюу ажил амьдралын тэнцвэртэй байдал гэж бараг байдаггүй. Нэг нь сайн байхад нөгөө нь доголдож байдаг (энэ талаар блог бичиж эхлээд дуусгаж амжихгүй л явна). Тэглээ гээд бид энэ дэлхийн хамгийн сэтгэлийн тэнхээтэй амьтад учраас зүрхээ чангалаад л урагшаа зүтгэхээс өөр арга зам үгүй. Бие нь ажилд дээрээ ч сэтгэл нь үргэлж хүүхэд рүүгээ яарч, тэмүүлж байдаг emotionally сул дорой ч юмуу, хүч тэнхээтэй ч юмуу амьтад юм даа...
Миний хувьд сүүлийн үед ажилтай холбоотой болохын мөрөөр хүүхдийн бие болон танин мэдэхүйн хөгжил, хүмүүжил, сэтгэл зүйг их судалж, мэдээлэл уншдаг болоод байгаа. Энэ тал дээр залуу ээжүүдийг цаг зав гаргаад судлаарай гэж зөвлөмөөр байна. Жишээлбэл “Хүүхдийн 0-3 нас хэрхэн өнгөрснөөр амьдралынх нь 70 хувь тодорхойлогддог” гэдгийг уншаад 12 настай хүү дээрээ ажиллахад оройтсон байгааг мэдэж битүүхэндээ харамсах сэтгэл төрөв. Энэ мэдээллийг агаараас аваагүй, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлаач Б.Номин хэлсэн байдаг:
“Хүүхэд бүх зүйлийг соргогоор хүлээж авч, асар олон зүйлийг мэдэрч байдаг. Үүнээс шалтгаалан 0-3 настай хүүхдийг ээж нь хэр халамжилсан, эцэг эх нь хоорондоо хэр таарамжтай харилцаатай байсан, өөрийг нь яаж тэжээж байсан, эргэн тойрны амьдралын орчин ямар байсан зэрэг нь тархинд нь арилшгүй ул мөр үлдээчихдэг. Тэр нь таатай, болон таагүй гэж хуваагдана.
Сэтгэл зүйчид хандсан хүмүүсийг ихэвчлэн 0-3, 0-5 насандаа ээж аавтай байсан уу, тэд ямар хүн байсан, амьдралын ямар орчинд өссөн зэргийг нь асууж мэддэг. Үүнийг тайлбарласан олон онол бий. Бүх онолууд дараах нэг л зүйл дээр нэгддэг. Тухайн хүний 0-3 нас хэрхэн явагдаж өнгөрсөн нь амьдралынх нь 70 хувийг тодорхойлно гэдэг. Яагаад 70 вэ гэдэг тархи нь хэр хөгжих вэ, булчин яаж хөгжих вэ, зан төлөв яаж хөгжих вэ зэргээс шалтгаална. Тухайлбал, эцэг эх нь хоорондоо хэрхэн харилцаж байгааг харсан гурван настай хүүхэд 30-тайдаа хүнтэй суугаад ээж, аав нь хоорондоо хэрхэн харилцаж байсан хийгээд өөртэй нь хэрхэн харилцаж байсан яг л тэр харилцааг гаргадаг. Энэ нь ихэнхдээ автоматаар явагддаг. Түүнээс биш та эхнэртэйгээ ингэж харьцах ёстой гэсэн хууль байдаггүй. Бүх сэтгэл хөдлөл, үйлдэл цаанаас автоматаар илэрч гарч байдаг. Үлдсэн 30 хувь нь бусдыг даган дуурайх маягаар илэрдэг. Хэрвээ эцэг эх нь хоорондоо таарамжгүй харилцаатай байсан бол, том болоод эхнэртэйгээ \нөхөртэйгээ\ таарамжгүй харилцаатай байхыг хэвийн зүйл гэж үздэг. Үүнд өөрөө стресддэггүй, эхнэрээ стрессдеж байгааг ч мэддэггүй. Үүний үр дүнд гэмт хэрэг, гэр бүл салалт үүсэх шалтгааныг эхлүүлж байдаг. Өөрөөр хэлбэл 0-3 насанд хүүхдийн өөртөө итгэлтэй байх уу, хүнтэй яаж харилцах уу, өөртөө хайртай байх уу, хайргүй байх уу, амьдралд идэвхитэй байх уу үгүй юу, хөдөлмөрч байх уу залхуу байх уу, гэдэг нь тодорхойлогдчихдог”.
Дэлгэрэнгүй ярилцлагыг нь эндээс уншаарай: https://www.caaknews.mn/view/8277528/
Би сэтгэл зүйн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх хүн биш учраас энэ чиглэлээр хүүхдийн сэтгэл судлаачдаас мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна: http://iap.mn/
Манай сахилгагүй шар охин, ахтайгаа хамт |
Энэ дашрамд мэдээлэл хүргэхэд жоохон хүүхэдтэй ээж нарын бас нэг зовлон: Хүүхдээ өвдөхөд хэнд үзүүлэх вэ гээд эмч, эмнэлгийн эрэл хайгуул болдог. Онцгой хүндрэл биш бол том эмнэлэг гэхээс илүүтэй сайн эмч үр дүнтэй санагддаг. Манайх сүүлийн үед Багшийн дээдийн замын урдах UBH-ын 2 давхарт Эрдэнэчимэг гээд өмнө нь Эх нялхаст хүүхдийн эмч байж байгаад тэтгэвэрт гарсан сайн эмчид үзүүлэх болсон. Оочир дараа багатай, шинжилгээ өгөх бол UBH дотроо өгчихнө. Энэ эмч миний охинд маш оновчтой эмчилгээ бичиг өгдөг.
За тэгээд эх үрсүүд бүгд бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл энх, амар амгалан байх болтугай гээд энэ постоо өндөрлөе. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!