feawfaewgae

Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал


Би Америкт суралцахаар ирсээр яг нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд их ч юм сурлаа, их ч юм үзлээ, олон ч хүнтэй танилцлаа. Одоогийн байдлаар ийм сайхан нөхцөлд тэтгэлгээр суралцах завшаан тохиосонд сэтгэл хангалуун явна. Гэхдээ энд ирээд хичээлдээ орсон цагаас эхлэн миний нэг анзаарч, анзаарсаныхаа үндсэн дээр харамсаж байгаа юм бол “баклаврынхаа зэргийг гадаадад хийх минь яав даа” гэдэг харуусал байлаа.

       Би гадаадад өөрийнхөө чадлаар сурах гэж оролдоогүй биш оролдсоон. Яаж оролдсон бэ гэхээр 10 жилээ төгсөөд, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Гадаад Хэл Соёлын Сургуулиудад конкурс өгөөд тэнцдэг тэр хавар би зуны амралтаа өнгөрөөхөөр тухайн үед Германд байсан ээж аав дээрээ очсон юм. Зуны амралт дуусваа. Гэтэл би яагаад ч юм Монголд буцаж очиж сурмааргүй санагдаад гэрийнхэнтэйгээ ярьж байгаад гэнэт Лондон явахаар шийдэв. (Өмнө нь жоохон охин байхдаа ээж аавынхаа буянаар нилээн хэдэн жилийг өнгөрөөсөн хоёр дахь эх орон минь байлаа). Ингээд аав бид хоёрын Лондон явах виз авах мэддэг ганц боломжит арга нь хэлний курст бүртгүүлэх байв. Зориг шулуудан ганцаараа Дуесэлдорф хот руу явж визанд орлоо. Виз гардаг юм байна. Яв л гэсэн үг байв...


...Ингээд 17 настай би аавынхаа өгсөн 170 еврог атгаад, шөнийн автобусанд суугаад
хонгилын үзүүрт цухуйх гэрэл рүү тэмүүлсээр (Channel tunnel гээд Франц Англи хоёрыг холбосон хонгилоор явсаныг ч хэлэх үү) Лондонгийн Виктория буудал дээр буулаа... Цааш өчнөөн адал явдал, ээдрээ тулгарсан хэдий ч уртхан түүхийг товчлоход би их сургуульд орох тэтгэлэг олж чадаагүй. Шулуухан хэлэхэд би яаж олохоо ч мэдэхгүй явсан хүн. Хэдэн их сургуулийн хаалгаар шагайж үзсэн, хүмүүсээс ойр зуур зөвлөгөө авсан, гэхдээ зорилгодоо хүрч чадаагүй. Одоо бодоход би ямар ч төлөвлөгөөгүй, цагийг нь тулгасан юм хийж байв. (Иймэрхүү байдлаар тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр шийдэж байхын оронд алсаас төлөвлөөд, эртнээс бэлдээд, яг таг болгочихоод ялбал дээр шүү!) Эхний ээлжинд ээжийнхээ найзуудынд хоног төөрүүлээд, ажил олмогцоо тусдаа гарч байрны мөнгөө төлөх хэрэгтэй болсон. Ингээд өглөөн цагаар хэлний курсдээ суугаад (12 настайгаасаа хойш дахиад Англи орчинд хэлээ үзэж байгаа минь тэр), үдээс хойш нь ажлаа хийдэг байлаа. Өдөр хоног өнгөрсөөр нэг мэдсэн би Лондонд 8 сар болчихсон байв. Нэг өдөр аавтайгаа утсаар ярьлаа. Жаал жуул сонин сайхан ярьж байгаад хоёулаа гүнзгий сэдэв рүү оров. Тэгсэн аав маань: “Чи насаараа л цагийн ажил хийх гээгүй юм бол ирсэн нь дээр дээ миний охин” гэлээ. Тэгээд бодоод байсан нээрээ л ямар ч утга учиргүй өнөө маргаашаа аргацааж, Лондонг ч үзээгүй биш, ядаж байхад тухайн үед амьдрахад дэлхийн хамгийн үнэтэй хот байсныг хэлэх үү, ер нь цаашид ирээдүйгүй амьдралаар амьдарч байв. Ингээд би 2004 онд эх орондоо эргэн ирлээ. Нэг жил хойшлуулсан байсан хувиараа авч их сургуулийн оюутан болов.

Лондон. 12.1.2004
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СИСТЭМ

Их сургуулийн хичээлийн VI байр
Сургууль гэдэг үүднээсээ эхлээд л “эрдмийн өргөө” шиг байх ёстой санагддаг. Хүүхэд залуус сургууль руугаа очих гэж тэмүүлдэг байвал хичнээн сайхан. Орчин нь сайхан бол хүмүүс тэгэх л байх. Гэтэл 2004 онд МУИС-ийн ОУХС-ийн байр тийм байсангүй. МУИС-ийн Газарзүйн Сургуулийн хичээлийн байрыг түрээслээд, нурж унах гэж байгаа, ягаан байшинд хичээл ордог байв. Энэ жил Өнөөдөр сонин дээр хулгана, жоом, мөөгөнцөртэйгээрээ хүртэл дуудуулсан байна лээ. http://mongolnews.mn/p/41028
Ангиуд нь нарны гэрэл бараг тусахгүй, шал нь доош цөмөрчихмөөр, ширээ сандал нь хаанаас гуйсан юм болдоо гэмээр янз янз, эсвэл хүрэлцэхгүй чихэлдээстэй, коридоор нь ганц худгаас ер нь нэх дутахгүй нарийхан, харанхуй байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Өвлийн хар хүйтэнд халаалт байхгүй, оюутнууд курткатайгаа хичээлээ хийнэ. Курткатай хичээл тэмдэглээд, тэрийгээ ойлгоно гэж юу байхав ээ дээ. Би энд сурч төгссөн сургуулиа муулах гээгүй. Гэхдээ бодит байдал ийм л байгаа. 

Сүүлд 2006 онд шинэ байранд ороод суралцах орчин хамаагүй сайжирсан. Гэхдээ л тэр аймар байранд одоо өөр сургуулийн оюутнууд сурч байгаа гээд боддоо…

Багш нар
За би одоо нэр ус заагаад яахав, хүний мууг үзэх гэсэн биш. Гэхдээ гурван жил сурсан хугацаанд үзсэн харсан, болсныг л өөрийнхөөрөө бичье. Субъектив биш объектив хүлээж аварыг бодоорой. 
            Багш нар дотроо олон янз бий. Зарим нь хичээлдээ бараг ирдэггүй багш нар байсан. Байсхийгээд л цонхолчихно. Би ч яахав замын цаана амьдардаг байсан болохоор гэртээ хариад л дараагийн хичээл дээр ирдэг байсан. Гэтэл хөөрхий гэр нь 1-р хороололд юмуу, 13т байдаг байсан оюутнууд орчих газар байхгүй, ойр хавийн кафе, сургуулийн коридороор л цагийг өнгөрөөдөг байсан.
            Зарим багш нар үе үе лонх цохьчихсон ирнээ. Тийм үед бол хичээл үнэхээр утгагүй санагдаж байгаа юм чинь. Идэвхтэй хэд нь хий гэснийг нь хиймэр аядана. Назгай хэд нь араар хөзөрдөж хов жив ярьж, сэргэлэн хэд нь дараагийн хичээлийнхээ гэрийн даалгаврыг бие биенээсээ хуулж суудаг байсан.

            Бас зарим багш нар байна. Ямар ч харилцааны соёл байхгүй. Би бүр нэг багшийг өөрийнхөө оюутныг “новш чинь” гэж хараахыг нүдээр харж чихээрээ сонссон. Угаасаа тэрний ааштайг хүн бүр мэднэ. Гэхдээ бусдын хүүхдүүдийг соён гэгээрүүлэх ам тангараг өгсөн, тэр тусмаа эх болох эмэгтэй хүн байж шавь нараа тэгэж дуудаж болохгүй ээ. Энийг уншвал өөрийгөө ч мэдэж байгаа байх.
            За хэсэг багш нар нь гэрийн даалгавар юмуу, “бие даах ажил” гэж баахан барууны номны канондсон хуудсуудыг орчуулах даалгавар өгнө. Би өөрийн ч гэлтгүй, хамаатай садан, найз нөхөд, ахан дүүсийн гуйлтын хэрэгт хэрэггүй өчнөөн л юм орчуулж явлаа. Хамгийн инээдтэй нь дараа нь тэрийгээ цуглуулж “ном” болгочихоод буцаагаад маниусдаа шахна. Тэрийг нь авахгүй бол хичээлийн “идэвх” юмуу “явцын” дүнгээс хасна. Энийг би өөрөө ч туулсан. 2005 онд би аваарт ороод эмчилгээ хийлгэж байх хойгуур нэг хичээлийн багш номоо шахаж л дээ. Тэрийг нь би мэдээ ч гүй, аваа ч гүй. Эмнэлгээс гараад иртэл би тэр хичээл дээр 60-D гарчихсан байв. Яагаад юм болоо гээд ангийнхнаасаа асуутал “багш ном зараад тэр нь идэвхийн 30 оноо байсышт, чи мэдээгүй юмуу?” гэдэг юм байна. Ингээд би 90-А гарах хичээл дээр 60 гарав. Хөх инээд хүрмээр. Тэр 60D одоо болтол миний баклаврын дипломон дээр бий. Бас нэг бүр инээд хүрмээр юм нь гэвэл: манай аав багш хүн л дээ. Би мэдээж аавтайгаа янз бүрийн юм ярих зуураа тэрийг хэлэв. Тэгсэн аав тэр номоо шахсан багшийг таньдаг юм байна. Дараа нь таарахдаа тэр инээдтэй явдлыг хэлтэл “Өө тийм үү? Хэлэхгүй яасан юм!” гэж гэнээ. Би ч нэх ээж аав, эмээ өвөөгийнхөө нэрийг энд тэнд зүүгээд яваад байдаг хүн биш л дээ.
            За тэгээд цаашлаад багш нарын заах арга барил гэж есөн шидийн юм бий. Намайг байхад бид нарт нэг эмэгтэй багш ордог байсан. Зүгээр л өөрийнхөө дэвтэр дээрхийг уншаад цээж бичлэг хийлгэдэг. Ямар сайндаа нэг удаа ангийн залуу чангаар “Бид нар ямар лазер принтер юмуу!” гэж орилж байж билээ. Аргаа ядахдаа л тэр шүү дээ зайлуул. Тэгээд шалгалт болохоор тэр цээж бичлэгээ уншиж шалгалт өгнө. Верри фанни. Одоо бодоход хайран сайхан цаг, харамсмаар өнгөрч дээ.

Сургалтын алба
Сургалтын алба гэж аливаа сургуулийн хамгийн их ачааллыг үүрдэг хэцүүхэн даалгавартай газар байна. Ялангуяа хичээл эхэлж, дуусах үед бол ажлаа дийлэхгүй заримдаа дотроосоо хаалгаа түгжчихдэг байж билээ. Хүмүүс нь ажил ихтэй байдаг болоод ч тэр үү, угийн тийм юм уу, ер нь ааш харилцаа жоохон хэцүү шүү дээ. Би бол байнгын л биеэ бариастай, гуйх маягийн зөөлхөн аядаж харьцдаг байсан. За тэр хүмүүс ч одоо дүүрч, хаа сайгүй тиймээс хойш. Хамгийн хэцүү нь систэм нь. Книшик гэж балай дэвтэр дээр дүнгээ тавиулах гэж үйлээ үзнэ. Гарын үсэг зуруулах гэхээр багш нар нь олдохгүй. Олдвол нэг гуйж, туун царайчилж байж зуруулна. Тэрийг тэр сургалтын алба нь хариуцаад цаашаагаа явуулаад баталгаажуулчихад юу нь болдоггүй байна аа? Үгүй юмаа гэхэд багш нар нь ядаж нэг тогтсон цаг гаргаад сургууль дээрээ оюутнуудтайгаа харьцаж, заавар зөвлөгөө өгдөг бол л доо. Сургууль чинь нэг тийш хандсан систэм байх ёсгүй биз дээ?

Тэгээд л оюутнууд гадаадад солилцоогоор суралцахаар явъяа гэтэл reference letter буюу санал болгох захидал гаргаад өгчих хүн байхгүй. Өөрсдөө солилцооны хөтөлбөр зохион байгуулж явуулчихаад, буцаад ирэхэд тэр сурсан дүнг нь тооцохгүй байхаар ямар хэрэг байх вэ дээ. Бид нараар тоглож байгаа хэрэг үү? Оюутнуудын цаг зав их сургуулийн удирдлагуудын хувьд зүгээр л наргиан уу? Бодоод үзээрэй. Миний Япон явж нэг жил сурсан эрдмийг МУИС авч хэлэлцээгүй. Манай найзуудынхыг ч ялгаагүй. Дахин нэг жил сурч төгс гэсэн шаардлага тавьсан. Тэр нь МУИС-ийн “дүрэм” юм байхаа. Гэтэл яс юман дээр тэнд би МУИС-аас илүү их эрдмийн үр өгөөж авсан.
За тэгээд энд тэнд хэрэг болоод дүнгийн хуулбараа авъяа гэтэл орчуулаад ирээ тамга дараад өгье гэнэ. Гэтэл барууны ихэнх сургуулиуд мастер болон бусад сургуульд сурах гэж байгаа оюутны албан ёсны дүнгийн хуулбарыг лацадсан дугтуйн дотор, өөрсдийнхөө шуудангийн хаягаар хүлээж авдаг. Гэтэл бүхэл бүтэн МУИС тийм систэм байхгүй гэхээр харамсмаар. Арав гаран жил юу хийж байсан юм бэ Ганцог захирал аа? За тэгээд л тэр нарийн техник технолгийн хэрэглээг ярьвал угаасаа Монгол улсын боловсролын түвшинд тийм юм байхгүй л дээ. Тэр “Американ”, “Инглиш” скүүлүүд нь яадым байгаан.


Номын сан
Шулуухан хэлэхэд би 4 жил сурахдаа ном ховорхон барьж суусан. Тийм болоод ч тэр үү, надад юмыг анхаарлаа төвлөрүүлж байгаад, нухаж суугаад тууштай унших чадвар маш дутмаг. Өрөө дүүрэн номтой аавын охин байж бас ингэж хэлэхээсээ би ичих ёстой л доо. Чи өөрөө арчаатай бол олоод уншиж болох байсан гэж хүмүүс хэлэх байх л даа. Гэхдээ бас ч үгүй юм. Ямар ном унших ёстойг хэлээд өгөх багш цөөхөн, хэлсэн ч тэр ном нь ховор, номын сандаа олдохгүй. Манайхан ихэнх нь МУИС-ийн 2р байрны номын санд суудаг байсан. Би ч тэрлүү тоотой хэд л шагайсан. Үнэр танар гэж жигтэйхэн. Очих тоолонд оочирлож алалцаад, хаанаас нь яаж номоо олдог ч юм бүү мэдээ. Би чаддагаараа интернэт ухаж л дутуугаа нөхдөг байснаа санаж байна. (Амьхандаа би чинь гайгүй сурдаг байсан оюутнуудын нэг шүү дээ).

Гэх мэтчилэн Монголдоо сурахад хүндрэл бэрхшээл тунчиг ихдээ. Монголд төгссөнүүд нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Дээрх бүх яриаг гэрчлээд өгөх манай ангийнхан, зэрэгцэн суусан анд нөхөд, үе үеийн төгсөгчид ч бий. Гадаадад төгссөнүүд нь “Паах, Тийм үү?!!” л гэх байх даа. Гэхдээ миний яриад байгаа нь монголдоо түүхэн их сургууль, Монгол Улсын Их Сургууль шүү дээ. Тэгээд бодоод үзэхээр бусад хувийн их дээд сургуулиуд яаж явдаг юм чөтгөр бүү мэдээ.

Нэг юмыг тодруулахад би нэх Америкт ирчихээд л, юм үзчихээд л Монголоо муулаад пээ паа гээд байгаа юм биш. Энд ирэхээс өмнө үзэж харж, зугаалдагаа хийчихээд ирсэн. Би өөрөө ч гайхалтай мундаг сайн оюутан байгаагүй. Хий гэсэн юмыг нь хийчихээд л явдаг олон оюутнуудын нэг байсан. 3 жил (нэг жил нь Японд солилцооны тэтгэлгээр суралцах аз завшаан тохиосон юм) сурах хугацаанд бас ч шаггүй эрдэм сурсан байх. Ямар ч байсан цөөн хэдэн мэргэжилдээ үнэнч, чадварлаг багш нарын ачаар олон улсын харилцааны үндэс суурийн талаар шаггүй ойлголт авсан, Монголоос Англи руу, Англиас Монгол руу хөрвүүлэх чадварт суралцсан, Герман хэл сурсан, Кириллээр шивж сурсан ба хамгийн чухал нь Монгол хүмүүстэйгээ харьцах харилцаанд суралцсан. 

Флетчер сургууль. 25.9.2012
Надад байхгүй, Америк боловсролын системд бий давуу талууд
Хамгийн гол нь би энэ бүхнийг бичих болсон гол шалтгаан нь би энд ирснээр өөрийгөө маш ихээр голж байгаа. Уул нь би бас энд тэнд сурч, амьдарсан хүн өөрийгөө чамлахгүй л анх ирсэн. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд, сургуульдаа тэнцсэндээ урам зориг ороод ч тэр байж магад. За яахав ямар ч байсан соёлын шокны тал дээр ер нь бол зүгээр. Гэтэл хамгийн чухал нь хичээл дээр гараад ирэхээр яалт ч гүй гологдож байгаа юм. Тэднээс хамгийн чухал нь: аливаа юмыг задлан шинжилж унших чадвар, судалгаа хийх чадвар, группээр хамтарч ажиллах, тухайн хичээл дээр үзсэн юмыг анализ хийж, чөлөөтэй, өөрийнхөө уран яруу найруулгаар илэрхийлж, тухайн нөхцөл байдалд оновчтой хариулт болгон хичээлд хувь нэмэр оруулах, гэх зэрэг зөндөө арга барил, ур чадварыг би Монголд сурах хугацаанд эзэмшээгүйгээ ухаарсан. Энийгээ ичих ч гүй хэлнэ. Хүмүүс юун сүртэй юм гэх байх. Гэтэл тийм биш. Яаж илэрдэг вэ гэхээр би хичээл дээр сууж байхад багш оюутнуудаас бодлыг нь асууна. Оюутнууд багшийн ярианд хувь нэмэр оруулна. Гэтэл тэд нарын ярьж сэтгэж байгаа нь арай л ондоо, нэг левел дээшээ. Юманд дүн шинжилгээ хийхийн хажуугаар өөрсдийн бодол, байр сууриа бас нэг өөр өнцөгөөс илэрхийлнэ.
            За тэгээд хичээл бол өдөрт багадаа л 40өөс дээш хуудас унших юм өгнө. Удаан уншдаг намайг хэлэх үү, би бол үнэхээр эхний жил “чирэгдсэн”. Ядаж байхад манай мэргэжил нь өөрөө уншиж судлах юм ихтэй байдаг бололтой. Ном уншиж сурах минь яавдаа гэж байнга харамсдаг. Хүмүүс тэр чинь юу байсан юм гэвэл үгүй ээ тийм биш. Ялангуяа өнөөгийн фейсбүүк, твиттер, инстаграмын эрин үед чиний анхаарлыг сатааруулах юм мундахгүй. Ер нь бид нар дунд ном бариад суудаг хүмүүс хэд байдаг билээ? Дээрээс нь чи цоо шинэ орчинд байгаа. Эндэхийн оюутны амьдралын орчин бол зүгээр л эрч хүч, идэвх чармайлт үнэртсэн газар. Хичээлээс гадуур ийм хурал цуглаан, тийм хүний яриа, ийм наргиан цэнгүүн гээд л дуусахгүй. Бүх хүн бүгдэнд нь явж оролцож амжих ч гүй. Чи үнэхээр өөрийгөө дайчилж цагийн хувиараар л ажил, хичээл, хувийн амьдралаа зохицуулж сурахгүй бол нэг л мэдэхэд сурах хугацаа чинь дуусч явах цаг болно. Чи дараа нь харамсаад л хоцорно. Бүгд сурахын тулд хэдэн арван мянган долларын зээл авчихсан, эндээс байж болох бүх нөөц бололцоог ашиглаж, суръя гэсэн бүхнээ толгойдоо хийж аваад явах ганцхан зорилготой хүмүүс.

Би заримдаа өөрийгөө яг яагаад байгааг ойлгох гэж бас нилээн удсан л даа. Инээдтэй ч юм шиг. Яасан гэхээр би группээр ажиллахад бусдаас нэг л удаан, арга барил дутмаг, яг ямар санаа илэрхийлэх гээд байгаа нь тодорхой бус хэрэггүй яриа өрнүүлээд байсан юм. Тэгээд л үе үе хүмүүсийн ярианаас сонсоод байсан энд тэнд айхтар айхтар сургуулиудад баклавраа хийсэн хүмүүс болж таарав. Тэгэхээр нь би сургуулийн оюутнуудын танилцуулгатай каталог байдаг юм. Тэрийг үзлээ. Гэтэл миний Ази гэж бодож явдаг байсан ихэнх оюутнууд нэг бол цагаач, нэг бол энд төрсөн, нэг бол багаасаа энд амьдраад сургуульд явсан хүмүүс байв. Тэд нарын төгссөн сургуулиудыг харлаа: UCLA Berkeley, Harvard, Yale, Georgetown, Brown, Boston University, Keio төгссөн олон хүмүүс байв. За тэгээд хийж байсан ажлын намтаруудыг нь уншвал дэлхий тойрсон том том компаниуд, хөгжлийн агентлагууд юмуу, аль нэг улсын Гадаад Хэргийн Яаманд ажлаагүй хүн цөөхөн байв. Эндээс харахад би ийм хүмүүстэй нэг ангид сууж, заримдаа “өрсөлдөж” байгаа юм чинь аргагүй шүү дээ. Заримдаа өөрийгөө яаж яваад тэнцсэн юм болдоо гэж гайхах. Манай сургууль олон улсын харилцааны салбартаа, мастерын чиглэлд дэлхийд эхний 5д жагсдаг сургууль: http://www.foreignpolicy.com/articles/2012/01/03/top_ten_international_relations_masters_programs?page=0,4
Жилдээ 250-280 хүн л авдаг. [Би энд АНУ-ын Засгийн Газрын Фүлбрайт болон сургуулиасаа олгосон тэтгэлгээр сурч байгаа]. Салбартаа ер нь нэр хүндтэй гэхүү дээ. Сургалтын хөтөлбөр нь уян хатан, Харвардтай харилцан хичээл сонгож болдог, багш нар нь салбартаа тэргүүлэгчид гэх мэт магтах зүйл олон бий. Тэгэхээр энд суралцах хүсэлтэй хүмүүс маш их, ирж байгаа хүмүүс нь ч мундаг байх нь аргагүй. Тэр дунд би “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг үзэж тарж байгаа минь энэ. Гэхдээ ээж маань бага байхад "бусад хүүхдүүдийн чадаж байгаа юмыг миний охин чадах л ёстой" гэж урам зориг өгдөг байж билээ. Тэрэн шиг why not me?

Миний хувьд Америкт энэ бүхэнд суралцаж, дасан зохицох гэж чадан ядан явсаар эхний жил маань туршилтын туулай болоод ард хоцорлоо. Ядаж байхад би өнгөрсөн жил хүүтэйгээ хамт байсныг хэлэх үү. Энэ жил арай өөрөөр үзэж тарна гэсэн зорилготой байна. Энд суралцаж байгаа бусад хүмүүсийн хувьд ямаршуу байгааг мэдэхгүй, миний хувьд нэг иймэрхүү...

Эхнээс нь уншихаас залхуурч байгаа хүнд- Миний хэлэх гээд байгаа санаа
Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол: Чамд боломж, нөхцөл нь бүрддэг л юм бол өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээд аль болох гадаад тэр тусмаа сайн сургуульд дээд боловсрол эзэмшихийг хичээгээрэй! Гадаадад сурах боломж нөхцөлүүдийг судал. Манай аавын хэлдгээр тэдний үе биш, боломж хаалга үүд бүгд нээлттэй байна. Залуу байхад алзах юмгүй эрч хүчтэй байдаг юм чинь оролдоод үз. Хүмүүсээс юм асууж, тусламж авахаасаа битгий ай!
Ингэснээр чи цаг хэмнээд зогсохгүй, юманд хандах хандлага, үзэл бодол чинь багаасаа сайнаар төлөвшиж, ажил дээр гарахад чи яалт ч гүй бусдаас ялгарна. Нэн ялангуяа Монголд чадалтай хүний нөөц ямар дутмаг байгаа билээ. Гэхдээ энэ нь гадаадад сураад, ээж аавынхаа олсон хэдийг идэж уугаад, наргиж цэнгэ гэсэн үг биш.
         Мөн Монголд төгслөө гээд гадаадад сурахад хэцүү, дэмий гэсэн үг биш. Тэрэнд болохгүй юм ерөөсөө байхгүй. Гол нь чи над шиг ингэж дасан зохицож, шинээр суралцаж цаг алданаа л гэх гээд байгаа юм. Миний мэдэх өчнөөн сайхан залуус өөр өөрсдийнхөө мэргэжил, сонирхлын дагуу дэлхийн мундаг мундаг их дээд сургуулиудад сурч байгаа. Жирийн нэг Америк Никээс л сайн яваа. Нөгөө талаар тэр нь Монголдоо төгссөнийх ч юм билүү хэн мэдлээ тиймээ?

Амжилт хүсье!

(Зарим хүмүүс Монголдоо сураад болохгүй байгаа юм алга. Болж байна, чадаж байна гэсэн байх юм. Би мэдэж байна. Хүн болгон гадагшаа явж сурах албагүй. Би нэх хүмүүсийг зааж сургаж, эх орноо үгүйсгэх гээд байгаа юм биш. Ном бичээгүй, блог бичиж байгааг ойлгох хэрэгтэй. Зүгээр тийм боломж байвал тэрийгээ ашиглаад яваарай. Дараа нь хэрэгтэй шүү л гэж байна. Миний анзаараад байгаагаар тийм өрсөлдөөнт орчинд орж үзээгүй хүмүүс, өөрийгөө хөгжүүлж дэвших талаар бодоггүй хүмүүс, твиттерээр худлаа томордог хэсэг хүмүүс л тийм байдлаар хандаж байгаа байх. Яг үнэнийг хэлэхэд чи ч гэсэн зардлыг чинь даая, гадагшаа явж сур гэвэл үгүй гэхгүй биздээ? Хэзээ нэгэн цагт тийм өрсөлдөөнт орчинд ороод өөрийгөө голж, дутагдлаа мэдэрсэн тэр үед энийг санаарай. Дутагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг манай монголчуудад ховор чанар).


Зарим хүмүүсийн сэтгэгдэлд өгөх хариу: 

1. Миний гол мессэжийг ойлгоод, урам зориг ороод, ихийг сурч, хийж бүтээхийг хийх хүсэл төрөөд байгаа хүмүүс нь ОНЦ. Битгий бууж өгөөрэй.
2. Ойлгуулах гээд байгаа утга санааг ойлгохгүй байгаа хүмүүст: Хүн хүний сэтгэх чадвар өөр учраас заавал ойлгох албагүй л дээ. 
3. Хэрүүлч авгай шиг "Тийм л юм бол чи тэгээд энийгээ өөрчлөөч" гэсэн мэр сэр хүмүүс байх юм. Би Эйнштэйн биш. Нэг л өдөр онгод ороод, үзэг бариад дэлхийг өөрчилж чадахгүй. Энэ сэдвийг ил гаргаж тавьж байгаа нь өөрчлөлт хийх эхний алхам, энэ тал дээр би чамаас нэг гишгээ илүү явж байна гэсэн үг биш үү?
4. Тийм л сүрхий юм бол миний гарыг харж, үглэж суухаар өөрсдөө бас юм сэдэж санаачилж, өөрчлөх замналыг эхлүүлж болно шүү дээ. Юу дутаад байгаан? Боловсрол, ур чадвар дутаад байгаа биз? - Энийг л хэлэх гээд байгаа юм.
5. Эх орондоо ирээрэй гэцгээх юм. Би өөр хаачих вэ дээ. Цаг нь болохоор сурсан эрдмээ өвөртлөөд гүйгээд очино. 

KEEP CALM AND GO TO SCHOOL!



COMMENTS

BLOGGER: 226
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал
Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhrSHDiqtZI9bqTNpMDzxjOjxbIhm3NPqFAfuOFInCB6MRf8dy2Lw78VvhgXg-EgK_7tk_9LzIHtTUCSU6-S4jeAxcRwks3EJ1mboIO8-gtQNhCrBSsl6qOprkXdqsO1i6LkacJhYp29bA/s400/58563_452591533000_2385828_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhrSHDiqtZI9bqTNpMDzxjOjxbIhm3NPqFAfuOFInCB6MRf8dy2Lw78VvhgXg-EgK_7tk_9LzIHtTUCSU6-S4jeAxcRwks3EJ1mboIO8-gtQNhCrBSsl6qOprkXdqsO1i6LkacJhYp29bA/s72-c/58563_452591533000_2385828_n.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2013/08/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2013/08/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy