feawfaewgae

Цагийн ажил хийхийн давуу талууд


Би анх 16 настайгаасаа эхлээд цагийн ажил буюу зарим хүмүүсийн хэлдгээр “хар ажил” хийж эхэлсэн. Энэ блогоороо дамжуулан залуу хүмүүс яагаад цагийн ажил хийж үзэх ёстой, давуу тал нь юунд байдгийг, би тухайн ажил бүрээс юу сурсан бэ гэдгийг өөрийн туршлагаас хуваалцаж байна. Ямартай ч товчлон дүгнэвэл цагийн ажил хийснээр дараах давуу талууд байдаг:

  1. Өөрийн гэсэн мөнгөтэй болж, ээж ааваасаа гуйхгүйгээр амьдарч болно.
  2. Мөнгийг зөв зарцуулж, мөнгөний үнэ цэнийг ойлгоно. Ингэснээр илүү тооцоотой байдаг болно.
  3. Их сургуульд заадаггүй олон төрлийн ур чадварт суралцана. Үүнд баг болж ажиллах, санаачлага гаргах, бусдыг манлайлах гэх зэрэг багтана.
  4. Илүү өөртөө итгэлтэй болно.
  5. Хувийн харилцаа сайжирч хөгжинө. Амьдрал дээр гараад төрөл бүрийн хүмүүстэй харьцахад шаардагддаг харилцааны ур чадвар суралцана. Энэ нь мэргэжлийн ажил хийхэд болон бусад насан туршийн бүх харилцаанд хэрэгтэй.
  6. Өөрийн ажлын хуваарь, мөнгө, хариуцлагыг удирдаж, зохицуулснаар бие даах чадвартай болно. Ингэснээр бусдад найдах нь багасч өөрийгөө болгож сурна.
  7. Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайжирна. 
  8. Танилын сүлжээ тэлнэ. Хамт ажилладаг эсвэл үйлчлүүлдэг хүмүүстэйгээ харилцаа тогтоох нь ирээдүйд ажил бүтээх, хамтрахад чухал нөлөөтэй.
  9. Шинэ найз нөхөд, хамт олонтой болно. Энэ нь ангийнхнаас өөр танилын хүрээгүй байснаас олон талаар үр өгөөжтэй байдаг.
  10. Ажлын туршлагатай болно. Хэрэв ажиллаж байгаа газар чинь үргэлжлүүлэн ажиллах, ахих хүсэлтэй ажилтан хайж байвал магадгүй бүр давуу тал болно.
Миний хувьд яагаад тийм эртнээс цагийн ажил хийх болсон бэ гэвэл үндсэндээ хэрэгцээ шаардлагаас болсон гэж хэлнэ. Би анх 16 настайдаа, өөрийн сайн дураар Лондонд очиж сурна гээд нэг цүнх хувцас, эхний сарыг давахааргүй мөнгөтэй очиж байсан. Лондон бол дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэгд тооцогддог. Эхлээд таньдаг Англи айлд буусан тул түрээс төлөөгүй хэдий ч тэд намайг удаахгүй нь тодорхой байв. Хэлний курсдээ сурахын хажуугаар ажил хайсан боловч олдсонгүй ээ. Баячуудын хороололд байдаг өнөөх айлдаа цаашид байх боломжгүй болж, Лондонгийн захад байдаг ээж аавын найзынд очиж амьдрах болов. Ингээд тусдаа гарахын тулд ажил идэвхтэй хайж эхэлтэл анхны цагийн ажил болох зөөгчийн ажлыг Брикстон буудлын ойролцоох Мексик ресторанд хийв. 

Жич: Тэр үед ухаалаг утас байгаагүй тул камеранд буусан зурагнуудаас оруулав.

  
Нэг цүнх хувцастайгаа Лондонд буугаад байж байгаа нь


Piccadilly Circus-т аавтайгаа дурсгалын зураг авахуулсан нь.
Германаас ирж намайг хүргэж өгөөд явсан өдөр.

Ажил: Мексик ресторан- Зөөгч. Брикстон дүүрэг, Лондон, Англи Улс 2003 он.
Ажилласан хугацаа: 1 сар.

Энэ ажил миний хувьд анхных гэдгээрээ ч тэр үү, дурсгалтай байдаг. Нэгэн англи эмэгтэйн ажиллуулдаг Мексик ресторан. Би орой 17 цагаас шөнө 24 цаг хүртэл зөөгч хийж нэг оройн 25 фунт авдаг байлаа. Заримдаа зочид оройтвол илүү цаг ажиллана, гэхдээ илүү цалин авахгүй. Надаас гадна нэг Польш аяга угаагч, 2 зөөгч, нэг тогооч байдаг байв. Хувийн жижиг ресторан учраас 2 өдрийн дотор л ихэнх юмаа яаж хийхийг заагаад өгчихөв. Зөөгч байх бас амаргүй юм билээ. Ширээнүүдийн дугаар тогтооно, амьдралдаа идэж үзээгүй хоолны нэр цээжилнэ, юугаа ч мэдэхгүй байж тэрийгээ үйлчлүүлэгчид тайлбарлана. Мөн хамгийн том айдас бол зөөж яваа юмаа унагаж, асгачих болов уу гэдэг байлаа. Тэр өөртөө итгэл митгэл цаашаа…Зөөгч байхын хамгийн гоё нь tip буюу гарын мөнгө авах. Гэхдээ дарга маань өөрөө байгаа тохиолдолд типийг өгдөггүй, хураагаад авчихдаг байлаа. Байхгүй үед нь нэг 5 паунд авчихаар хэчнээн баярладаг байж билээ.

Сурсан зүйл: Ресторан бол бүгд хүний нүдэнд ил харагдаж байгаа шигээ цэвэрхэн, сайхан хоолтой газар биш байдаг. Арын гал тогоонд сайн муу, сайхан муухай төрөл бүрийн юм хийгдэнэ. Жишээ нь тавган дээр тавиад өгөх амтат бялуу бол бөөнд нь аваад хөлдөөсөн, хэд хоносон том тортны хэрчим байдаг. Харин тэрийг ямар ч байдлаар өнгөлөөд гоё харагдуулаад үнэтэй зарж болно. Мөн хэдэн хоолны нэр цээжилсэн боловч тэрийг бол огт санадаггүй ээ.


Ажил: Topshop дэлгүүр - Худалдагч/Худалдааны зөвлөх. Oxford Circus, Лондон, Англи Улс 2003-2004 он.
Ажилласан хугацаа: 4 сар.

Дээрх зөөгчийн ажилд орохоос өмнө анкет өгсөн байсан, дэлхийн хамгийн том хувцасны брэнд дэлгүүрүүдийн нэг болох Topshop-д ярилцлагад дуудагдаж бөөн баяр болж билээ. Том корпорацийн (Arcadia Group) нэр доор явдаг дэлгүүр гэсэндээ бүтэц, зохион байгуулалт шал өөр байв. Ярилцлага авч байгаа байдал, бичиг цаас цуглуулж, сургалтанд хамруулж байгаа зэрэг нь бүгд тогтсон стандарттай. Нилээн олон залуучуудтай ярилцлагад ороод тэнцлээ гэж хариу авах хамгийн сайхан мэдрэмж байсан. Амьдрал арай гэрэл гэгээтэйгээр төсөөлөгдөж эхэлсэн. Анх орсон бүх хүмүүсийг касс ажиллуулах, үйлчлүүлэгчтэй харьцах, бараа хувцсыг ангилан ялгах, буцааж тавих, хулгайчаас сэргийлэх зэргийг бүгдийг нь заана.
Миний ажиллаж байсан Topshop-н төв салбар нь Oxford Circus буюу Лондонгийн худалдааны хамгийн том гудамжинд байрладаг байсан. Тэр салбар нь долоо хоногт 400,000 хүн ордог дэлгүүр байв. Хамгийн завгүй өдрүүд нь Баасан, Бямба гаригууд. Энэ өдрүүдэд ачаалал маш ихэсч, заримдаа хувцас солих арын өрөөнд шалнаас тааз хүртэл жийнс, хувцас овоолдог тохиолдлууд байв. Topshop-т ажиллахын хамгийн гоё нь одуудыг амьдаар нь харах. Шинэ бараа, загвар ирэхээр Beyonce, Christina Aguilera, Jessica Alba гэх зэрэг одууд ирж шоппинг хийнэ. Миний хувьд өөрийн ээлжин дээр Giselle Bundchen, Martine McCutcheon (Love Actually-д тоглодог англи жүжигчин), Christina Milian нарыг амьдаар нь харж байв.

Oxford Circus дахь Topshop-ийн төв салбар.
Харамсалтай нь 2021 онд Ковидоос болж татан буугдаад 2023 онд энд Ikea нээгдэхээр болсон байна.


Эхэндээ энэ дэлгүүрийн хаалгаар орохоор яаж өдөржин ажилладаг юм болоо гэмээр чанга хөгжимтэй, бүр тусгай DJ хөгжмийг нь тавьдаг байв. Тэгээд ажиллаад удалгүй энэ чимээ, хөгжимд нь дасч, ажлын дундуур хөгжим зогсохоор ажиллах хүчгүй сонин болчихдог байв.

Ажлын формтойгоо авахуулсан ганц зураг нь энэ болтой. Тараад ядарч ирээд хэвтэж байгаа нь

Хамт ажилладаг хүмүүс маань ихэвчлэн 30-аас доош насны залуучууд. Нийт хэдэн мянган ажилтантай тул shift буюу ээлжээр, давхар давхрыг хариуцсан багт хуваадаг байв. Миний хамт ажилладаг залуучууд ихэнх нь цагаач энэтхэг-англи, африк-англи, ази оюутан залуус байсан.  

Хамт ажилладаг байсан хамт олны нэг хэсэг

Энэ ажлын нэг хэцүү тал нь нилээн олон цагаар зогсож, хүнд хувцас өргөдөг байсан. Энэ үеэс л миний нурууны өвчин эхэлсэн болов уу гэж одоо боддог юм. Хувцас дангаараа өргөхөөр хөнгөхөн боловч олноор нь өлгүүртэй барихаар маш хүнд байдаг. Би ч залуу хүн байсан болоод тэр үү, хэр барагтаа тоохгүй, өөрийгөө хайрлахгүй, “сайн ажилтан” болчих гээд бөөн бөөнөөр нь өргөөд тараадаг байж билээ. Харин миний хувьд хамгийн хийх дуртай зүйл нь касс дээр ажиллах. Касс дээр ажиллахаар цаг дороо өнгөрчихдөг, зугаатай ажил байсан. Харин кассчин байхын хэцүү нь хэл амтай, муухай харьцаатай, дээрэнгүй үйлчлүүлэгчдийг аргалах. Аз болж тийм нь олон байгаагүй. Topshop-ийн хамт олонтойгоо найз нөхөд болж, нилээн сайн дассан, тэднээс их зүйл сурсан. Менежер маань их тусч, хөгжилтэй, тухайн үед бас их сургуульдаа сурч байсан өөрийгөө Биг Майк гэдэг залуу байсан.

Манай багийн менежер Big Mike

Ажил: Queensway мөсөн каток - Бариста/түргэн хоолны газар худалдагч. Bayswater, Лондон, Англи Улс 2004 он.
Ажилласан хугацаа: 3 сар.

Лондонгийн монголчууд Queensway-г андахгүй байх. Hyde Park-ийн хойно байрлах худалдааны гудамж бөгөөд дунд нь нэг мөсөн каток, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг тоглоомын газар байдаг юм. Тэнд катоконд гулгаж эсвэл хүлээж байгаа хүмүүст үйлчилдэг жижигхээн булангийн кофе, бургер шопт ажиллаж үзсэн. Энд л анх кофе найруулж, бургер чипс шарж, худалдаж үзсэн. Заримдаа хүүхдүүдийн төрсөн өдөр тэмдэглэнэ гээд нижгэр парти зохионо. Өмнөх ажлыг минь бодвол ачаалал гайгүй, нэг гэм нь нилээн орой тардаг байсан. Бас нэг сул тал нь өмссөн хувцас, форм маань орой бүр хиншүү тос үнэртэж харьдаг байж билээ. Түргэн хоолны газар ажилласнаас хойш түргэн хоолонд дурлах нь багассан. Ямар хөлдүү зүйлсийг ямар нөхцөлд шарж бэлддэгийг мэдээд дуршил буурсан гэх үү дээ.
 
 Менежер Али
Хамт ажилладаг Солонгос оюутан

Хамт ажилладаг Солонгос
    
Энд надтай хамт хоёр Солонгос, нэг Испани охин ажилладаг байж билээ. Иймэрхүү цагийн ажлыг ихэвчлэн гадаад болон нутгийн оюутнууд л хийдэг байв. Одоо ч бараг тийм хэвээр байх. Тэд зарим нь англиар сайн ярина, зарим нь бараг л хэлгүй гэмээр гэхдээ ойлголцоод л явна. Менежер маань их тусч, хамтарч ажиллаад явдаг, зөөлөн хүн байсан. Ер нь гадны менежерүүд зааж зандрахаас илүү дандаа өөрсдөө хамтарч ажиллаад, үлгэрлээд явдаг хүмүүс байсан нь Монгол менежерүүдээс их ялгаатай.

Ажил: ТВ5-Олимпын мэдээ орчуулагч сайн дурын ажилтан, Улаанбаатар, Монгол Улс. 2004 он.
Ажилласан хугацаа: 2 сар.

2004 оны олимпын мэдээг орчуулж бэлтгэх, сайн дурын ажилтан авах зарын дагуу орж билээ. Тухайн үед анх удаа телевизийн студийн хаалгаар орж үзсэн нь их сонирхолтой байсан. Ихэвчлэн олимпын тамирчид болон тухайн спортын талаарх мэдээг хөтлөгч нарт орчуулж өгдөг байв. Сайн дурын ажилтан учраас ямар нэгэн цалингүй, харин өдрийн хоол, унааны мөнгө гэж өгдөг байв. Орчуулагчийн ажлаа хийж эхлээд удаа ч гүй, олимпын талаар дөнгөж ойлголттой болоод байж байтал гэнэт “Нээлтийн арга хэмжээг шууд орчуул” гээд студи руу оруулчихдаг юм байна. Амьдралдаа эфирт гарч үзээгүй, синхрон орчуулга хийж үзээгүй, тэр битгий хэл олимпын нээлт ч бүтнээр нь үзэж үзээгүй, юу болдгийг мэдэхгүй хүнийг тэгэж эвгүй байдалд оруулсан хүнийг одоо болтол гайхдаг юм. Мэдээж би ямар л олигтой байхав. Бүүтэгт нь ороод эхний 2-3 өгүүлбэрийг орчуулж чадалгүй, яриаг нь гүйцэхгүй ээрч муурч, сандартал “За за чадахгүй юм байна” гээд гаргаж билээ. Тэр өдөр би өөртөө их л сэтгэл гонсгор, нүдэндээ нулимстай Саппорогийн тэндээс таксидаад харьж байснаа тод санадаг юм. Одоо бодоход ямар ч туршлагагүй 18-тай хүүхдээр Олимпын нээлтийн шууд дамжуулалт синхрон орчууллуулах гээд зүтгэж байдаг… Ямартай ч тэр байгууллагын соёлд суралцсан туршлага л юм даа.


Ажил: Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз - MMToday мэдээний нэвтрүүлэгт орчуулагч, редактор, хөтлөгч. Улаанбаатар, Монгол Улс. 2005-2006 он.
Ажилласан хугацаа: 9 сар.

Энэ ажилд бараг сайн дураараа орсон санагдаж байна. Сондгой тоотой өдөр бүр орой MMToday гэж мэдээний нэвтрүүлэг англиар гардгийг хараад аав “Миний охин эд нараас дутахгүй мэдээ уншиж чадна даа, оролдоод үзэх үү?” гэж яриад нэг мэдсэн ажилд орчихсон байв. MMToday нэвтрүүлэг нь тухайн үедээ МҮОНРТ-ийн Мэдээний албанд харъяалагддаг байсан. Хийдэг байсан ажил маань өглөө очоод сүүлийн 1-2 өдөр болсон онцлох мэдээнээс 8-аас 10-ыг сонгоод англи руу орчуулна. Мэдээгээ орчуулж дуусаад хөтлөлт хийнэ. Тэр хэсэг нь их удна аа. Эхэндээ би ямар ч туршлагагүй учраас дандаа алдаж, гацна. Би өмнө нь хэзээ ч ТВ-ийн мэдээ хөтлөх, камертай ярих сургалт авч байгаагүй учраас нилээн алдаж, ээрч муурдаг байсан. Шууд нэвтрүүлэг биш, өмнөө титр (унших текст харагддаг дэлгэц)-тэй байсан учраас ярианы чадвар нэг их шаарддаггүй.

 
МҮОНРТ рүү нэвтрэх үнэмлэх. Хагас жилээр сунгадаг.

Энэ ажлыг хийснээр камерын өмнө хэрхэн ярих, сэтгүүлзүй мэдээний салбар ямар их цаг наргүй ажлыг, ямар бага хөлсөөр хийдгийг, Монгол байгууллагуудад ажиллахад ямар их хүнд суртал даван туулдгийг л биеэрээ ухаарсан даа. Мөн үр дүнд нь миний өөрийн монголоос англи руу орчуулах чадвар, хурд эрс нэмэгдсэн гэж боддог. Энэ ажил цагийн ажил байсан болоод ч тэр үү, төрийн байгууллагын цалин нь өөрөө ч тэр үү нэг нүүр мэдээ орчуулахад 500 төг, нэг 10 минутын мэдээ уншихад 6000 төг, ингээд бүтэн өдөр ажиллаад ойролцоогоор 9000 төг, сарын 45000-60000 төг авдаг байж билээ. Гэхдээ миний хувьд цалингаас илүү юм сурах нь л чухал байсан тул гүрийсээр байгаад 8-9 сар ажилласан. Энэ үед их сургуулийн дээд ангийн залуу, Сэтгүүлч мэргэжилтэй эгч хоёртой ажиллаж ээлжээр мэдээ уншдаг байсан. Харин бичлэг хийх үе, монтаж дээр МҮОНРТ-ийн уугуул мундагуудтай мэдээний студид ажиллаж, дотноссон. Тухайн үед фото зураг авч байгаагүй ч бичлэгүүдээ хуулж үлдсэнийг тэгэж байгаад буулгаж YouTube-д оруулъя даа.

Ажил: Tully’s Coffee Shop - Бариста. Акита хот, Япон Улс. 2006 он. 
Ажилласан хугацаа: 1 сар. 

Tully’s хэмээх кофе шоп анх хэрхэн байгуулагдаж, манай Entrepreneurship хичээл ордог багш хэрхэн хөрөнгө оруулсан талаар тухайн хичээл дээр мэдэж авч байсан. Энэ үед би солилцооны оюутнаар Японд суралцаж байсан бөгөөд 2006 онд Улаанбаатарт барагтаа л кофе шопууд байдаггүй байсан тул Монголд оруулж ирэхээр судалж эхэлсэн юм. Ингээд багшаасаа гуйгаад кофены талаар нарийн судалж мэдмээр байна гээд кофе боловсруулалт, тээвэр худалдааны талаар судлаад Япон дахь савлагааны үйлдвэрт нь хүртэл очиж үзэв. Дараа нь сурч байсан Акита хотын худалдааны молл-д байдаг Tully’s салбарт 1 сар баристагаар ажиллав. Tully’s бол японы кофе шопын зах зээлд Starbucks-ийн дараа хоёрт ордог том брэнд. Анх ажилд ороход 2 өдрийн сургалт хийж бүх зүйлтэй танилцуулна. Хийж болох болохгүй зүйл, мөн кофе хэрхэн найруулах, касс ажиллуулах, тухайн улирлын онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн танилцуулга хийх гэх мэт бүгдийг зааж зөвлөнө.

Менежер Томомигийн хамт

Асами найзтайгаа

Энэ ажилд л жинхэнэ анх Япончуудын ямар мундаг стандарт барьж, протокол дагаж, цагаас хоцордоггүй, хариуцлагатай найдвартай байдал, нэгнээ гэсэн сэтгэлээр ажилладгийг мэдэрсэн. Тэд хэзээ ч ажлыг халтуурдахгүй, товчлохгүй, бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийдэг ард түмэн. Мөн энэ үед би өөрөө Япон хэл сурч байсан болохоор хэлээ ашиглах, сайжруулах том боломж байсан. Хэлгүй хүн япон улсад ажиллаж, амьдрах маш хэцүү байдаг. Тиймээс цаашдаа хэлээ сайжруулахгүй бол хол явахгүй гэдгийг сайтар ухаарсан. Энэ ажилд бид мөн л өглөө оройн хоёр ээлжээр хуваагдаж ажиллан, цагийн 700 иений (тухайн үеийн ханшаар 7000 төг) цалин авдаг байсан. Оюутан хүнд энэ бол бас их нэмэртэй л байдаг байлаа. Манай менежер Томоми сан их эелдэг, хүүхдээ өсгөхийн хажуугаар хагас цагаар ажилладаг эмэгтэй байж билээ. Намайг ажлаас гарахад салбарын бүх ажилтнууд маань дурсгалын дэвтэр бэлдэж өгсөн нь одоо хүртэл байдаг юм.

    


Ажил: Азийн сан, дадлагын оюутан/Төслийн үр дүнг үнэлэх ажилтан. Улаанбаатар, Монгол Улс. 2007-2008 он.
Ажилласан хугацаа: 6 сар.

МУИС-д оюутнууд төгсөх жилээ дадлага хийж, тайланг нь хамгаалах ёстой байдаг. Олон улсын харилцаа төгсөж байсан учраас салбарынхаа оргил нь болсон Гадаад хэргийн яаманд арай хийн дадлага хийхээр болтол 3 өдөр хана ширтэж, ойр зуур зарагдахаас өөр зүйл сурдаггүй ээ. Тэгэхээр нь яамнаас болиод Азийн санд дадлага хийхээр хөөцөлдөж нэгэн төслийн үр дүнг хэмжих дадлагажигчаар ажлаад, үргэлжлүүлэн хагас цагийн ажилтан болсон юм. Азийн сан нь олон улсын доноруудын хөрөнгө оруулалтаар хөгжлийн төслүүд хэрэгжүүлдэг олон улсын төрийн бус байгууллага юм. Миний хувьд энэ нь Монголдоо олон улсын байгууллагын хаалгаар алхсан анхны тохиолдол байсан бөгөөд цаашдаа төсөл хөтөлбөрт ажиллавал ямар байх вэ гэдгийг мэдрүүлсэн үнэ цэнтэй туршлага болсон. Энэ дадлагын үеэр танилцсан олон хүмүүстэй өнөөдрийг хүртэл холбоотой байдаг бөгөөд нэг нь сүүлд миний захирал болж, хамт ажиллаж байсан түүхтэй.

Тухайн үед миний хариуцсан ажил нь ахуйн ферм буюу тахиа, гахай тэжээх, ногоо тарих арга технологийг орлого буурай эмэгтэйчүүдэд зааж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх төслийн үр дүнг дүгнэж, баримтжуулах байсан бөгөөд төслийг Баянзүрх, Баянхошуу дүүргүүд, Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн байв. Миний хувьд өмнө нь ийм ажил хийж байгаагүй учир оффисын ажил гэдэг утгаар их л сонирхолтой, чухал юм хийж байгаа юм шиг санагддаг байлаа. Үр дүнг үнэлэх ажил учраас ихэвчлэх төсөл хэрэгжүүлсэн гэр хорооллын айлуудаар явж асуулга асууж, судалгаа авч, үр дүнг нь нэгтгэдэг байв. Энэ ажил нь өөрөө ч сонирхолтой, ямартаа ч яаманд байснаас ихийг сурч, танилтай болж, дадлагын тайлан дээрээ 98% авч байсан түүхтэй. Дадлагаа дуусгаад үргэлжлүүлэн хагас цагаар ажиллахад сарын 90,000 төгрөгийн цалин авдаг байв. Хэдий их дүн биш ч 2008 онд оюутан хүнд тухайн үеийн ханшаар боломжийн нэмэртэй байсан.

Ажил: Family Mart - Худалдагч. Токио, Япон Улс. 2008-2009 он.
Ажилласан хугацаа: 14 сар.

Хүүгээ төрүүлсний дараа ямар ч найз нөхөд, хамт олонгүй, хүний газар амьдрах сэтгэл зүйн хувьд их хэцүү үе байсан. Японд амьдрахад өртөг өндөртэйгөөс гадна, нөхрөөсөө хол, залуу ээж байх нь тийм ч амар байгаагүй. Ингээд би ямар ч байсан нийгэмших хэрэгтэй гэдгийг ойлгон хүүгээ 3 сар хүргээд цагийн ажил хийхээр гэрийн ойр байдаг Family Mart-ийн ажилд авах зарын дагуу анкет өгч байв. 

Дэлхийн хаана ч харсан нэг л дотно

Family Mart нь дэлхий даяар 24,000 гаран салбартай байдгаас 17,400 нь Японд байдаг. Одоогийн манай CU байгаа шиг булан болгонд байдаг convenience store буюу түргэн хэрэглээний дэлгүүр юм. Ихэнх салбаруудыг нь хувь хүмүүс франчайз байдлаар ажиллуулж ашгаас хувь хүртдэг. Миний ажилласан нь дундаж хэмжээтэй салбар байсан бөгөөд эхнэр нөхөр 2 ажиллуулдаг байлаа. Маш их хөдөлмөрч, тэд ээлжлээд л гарна. Хэдийд нь амардаг, амьдардаг юм болоо гэмээр өөрсдөө өдөр бүр л ирнэ. Жижиг дэлгүүр учраас эхний ээлжинд мэдэх ёстой юмсыг сургаад, бусдыг нь ажиллах явцад зааж өгдөг байв. Ингээд л энэ үед япон монгол хоёрын ялгаа дахин гарч ирэв. Миний анзаарснаар Монголд ихэнх байгууллагуудад “orientation”, “training” буюу дасан зохицох хөтөлбөр, сургалт байхгүй, дандаа шууд ажил эхлүүлээд нөгөө хүн нь юуг яаж хийх ёстойгоо ч мэдэхгүй ажилд ордог. Наад захын энэнээс л болж маш том алдаанууд гардаг.
Фамима-д худалдагчийн үндсэн ажлын үүрэг нь кассчин хийнэ, түргэн хоолыг бэлдэж шарна, халаана, барааг лангуун дээр гаргаж өрж, байрлуулж, цэвэрлэнэ. Анх ажилд ороод тамхи зарах болтол ямар олон тамхи байдгийг их гайхаж билээ. Бүх нэрийг нь цээжлэхэд ямар хэцүү байх болоо гэж санагдав. Харин төд удалгүй бүгдийг нь нэрлэж бараг нүдээ аниж байгаад авч өгч чадахаар болтлоо гаршсан. Япончууд бол харьцангуй гадаад хүмүүсийг ойлгодог, хүндэлдэг ард түмэн. Тэгэхээр их хүлцэнгүй ханддаг байж билээ. Зарим нь царай хараад ч гадаад гэж ялгахгүй. Энд ажилласнаар convenience store-ийн бизнес хэрхэн явагддагийг сайн ойлгож авсан. Цагийн ажлын хөлс нь жирийн үед 800 иен, 10-аас хойш шөнийн цагаар 1000 иен болдог байв.

Ажил: Спортын хөтлөгч, Монгол Улс. 2006 оноос.

Чөлөөт бөх, жудо, оюутны олон улсын тэмцээнүүдийг хэд хэдэн удаа хөтөлж байсан. Спортын олон улсын тэмцээнүүд тухайн зохиогдож байгаа улсынхаа эх хэлнээс гадна заавал англиар хөтөлж, ярих шаардлага тавьдагтай холбоотойгоор энэ ажлыг хийж ирсэн. Хамгийн анх намайг MMToday-д байхад олон улсын тэмцээн зохион байгуулах комиссын төлөөлөгч ирж уулзан ийм ажил санал болгосон ба тэр цагаас хойш үе үе тэмцээн болохоор дууддаг болов. Энэ ажлын сонирхолтой тал нь цаг нь богино, цалин боломжийн байхаас гадна спортын төрлүүдийг, дүрмийг ойлгож авах боломж гардаг. Мөн тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүстэй хамт олон болж танилын хүрээ тэлдэг.


Чөлөөт бөхийн тэмцээний дараа
    
За ингээд миний зүгээс туулсан цагийн ажлын замнал нэг ийм байна. Үүнээс гадна богино хугацааны, нэг удаагийн аман болон бичгэн орчуулгууд, арга хэмжээ хөтлөх ажлууд зөндөө хийж байсан ба тухай бүр нь миний өөрийн орчуулгын, хөтлөлтийн чадварыг сайжруулахад нэмэртэй байсан гэж үздэг. Хүний хэлний, ярианы чадвар хэзээ ч төгсөрнө гэж байдаггүй. Тийм учраас боломж гарахад би ихэвчлэн өөрийгөө сорихыг хичээдэг.

Иймд залуу хойч үе та бүхэн ажлыг муу, цалинг бага гэж гололгүй, ажлаас юу сураад авч болохоор байна, тэр бүхнийг сурахын төлөө өөрийгөө сорьж, ирээдүйнхээ төлөө хичээгээрэй гэж хэлээд энэ урт нийтлэлээ дуусгаж байна.

COMMENTS

BLOGGER: 1
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: Цагийн ажил хийхийн давуу талууд
Цагийн ажил хийхийн давуу талууд
https://blogger.googleusercontent.com/img/a/AVvXsEirYg1Mvw8xxxJPwdMTzD0rKzirVEffLsxTDlvOx_Q80CykHYDhzHDQUMX4UXrO77a4vAWRA6MJDCcYOId6ozb2GHCs08VMIhanRYyclUpUFVqEik22qhLmYjfxdxNqQrpX3GKfMgAlMoRl1E4xby_7v0FCvmlR3cSpPNyO1WWIFIkGs0bfh8KZNlIZ=w640-h316
https://blogger.googleusercontent.com/img/a/AVvXsEirYg1Mvw8xxxJPwdMTzD0rKzirVEffLsxTDlvOx_Q80CykHYDhzHDQUMX4UXrO77a4vAWRA6MJDCcYOId6ozb2GHCs08VMIhanRYyclUpUFVqEik22qhLmYjfxdxNqQrpX3GKfMgAlMoRl1E4xby_7v0FCvmlR3cSpPNyO1WWIFIkGs0bfh8KZNlIZ=s72-w640-c-h316
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2022/01/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2022/01/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy