feawfaewgae

MOMMY BLOG #1: 23-тай, 32-той хүүхэд гаргахын ялгаа





Эмэгтэй хүн хүүхэд гаргахад “тохиромжтой”, “зөв” нас энэ тэр гэж их ярьдаг. Тэр бүү хэл судалгаа ч хийсэн байдаг. Тийм санааны зоргоор болдог бол сайхан л байна. Би бол бурхан хэзээ явуулна, тэр үед нь тосоод авах ёстой гэж боддог. Ялангуяа манай Монголд эмэгтэйчүүд бусад улстай харьцуулахад нилээд эрт хүүхэд гаргадаг юм шиг санагддаг боловч нөгөөтэйгүүр төрөх эмнэлгүүдийн үүдээр эргэлдэх жирэмсэн эхчүүдийг харахад төрөх нас хойшлоод, 40 гарсан хойноо ч гаргаж байгаа нь олон байна. Хүн болгоны жирэмслэлт, тээлт өөр байхаас гадна, хүүхэд болгон нь өөр өөр байдлаар өсч бойждогийг надаар хэлүүлэлтгүй ээж нар мэдэх байх.

Миний хувьд одоогоор хоёр хүүхэдтэй бөгөөд арваад жилийн зайтай төрсөн учир бие болоод сэтгэл санаа, орчин тойрны хувьд нилээн ялгаатай зүйлс ажиглаж, мэдэрсэн. Эдгээр нь зөвхөн надад онцлог хэдий ч ерөнхий байдлаараа бусад тухайн насны эмэгтэйчүүдэд адил байж магадгүй гэж бодсон үүднээс анх удаа төрөх гэж байгаа, төлөвлөж байгаа эмэгтэйчүүдтэй хуваалцмаар санагдав.

Эдгээр хоёр төрөлтийн харьцуулалтыг ойлгохын тулд ерөнхий мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Би анхны хүүхдээ нилээн эрт буюу 23 насандаа, харин хоёр дахийг нь Монголчуудынхаар бол нилээн хожуу 32 настайдаа гаргасан. Том нь хүү, бага нь охин. Хүү маань Японы Токио хотод, Улаан загалмайн эмнэлэгт, харин охин маань Улаанбаатарт, Интермэд эмнэлэгт төрсөн. Хүүхдүүдийнхээ олдохоос эхлээд өнөөг хүртэлх туулж буй мэдрэмж, бие болоод сэтгэл санааны байдлыг жирэмслэлт, тээлт, төрөлт, сэтгэлзүйн байдал, нийгэм орчны харилцаа, санхүүгийн байдал, хүүхдийн хөгжил гэсэн төрлүүдээр харьцуулав. Магадгүй арваад жилийн дараа гурав дахь нь гарахад нэмж харьцуулахад сонирхолтой байх.


ТОМ ХҮҮХЭД (Хүү)
БАГА ХҮҮХЭД (Охин)
Жирэмслэлт


Хүү дээр анхных болоод төлөвлөөгүй байсан учраас биеэ сайн бэлдээгүй байсан. Ямар ч байсан болсноо мэдсэний дараа хяналтанд орж, зөвлөгөө авч эхэлсэн. Ерөөсөө хордлого өгөөгүй. Гэхдээ орой болохоор янз бүрийн гармон ялгараад байгаа аятай уур хүрээд л, дотор сонин болоод, хурдхан унтахын түүс болдог байсан. Жирэмслэлтийн тухай 3 ном уншсан нь сэтгэл санаанд их нөлөөлж, ээж болох бэлтгэлд нэмэр болсон. Тэр үед ухаалаг утас Монголд орж ирээгүй байсан болохоор апп ашиглах гэсэн ойлголт байгаагүй.
Охин дээр жирэмслэхэд урьдаас бэлтгэж, 3 сарын өмнөөс ерөнхий шинжилгээнүүд өгч, эмчлэх ёстой юм байвал эмчилж, фолийн хүчил ууж, нөхрөө архи тамхи хэрэглүүлээгүй. Анхныхтай адил хордлого өгөөгүй, чихэрлэг юм идэх хүсэл бага зэрэг ихэссэн. Жирэмслэхийн өмнө тогтмол эмэгтэйчүүдийн хяналтад байсан. Эхлээд дүүрэгт байж байгаад 20 долоо хоногтой болсны дараа төрөх эмнэлгийнхээ хяналтанд орсон. Нөхөр бид хоёр хоёулаа утсан дээрээ апп суулгаж өсөлтийг нь төсөөлөн, хянадаг байв.
Тээлт

Тээлт хэвийн явагдаж, уншсан номынхоо дагуу идэж ууж байгаа зүйлдээ их анхаарч эхэлсэн. Овъёос, хар бор гурил, ногоо, Соёолжийн хоол (арваад жилийн өмнө байсан эрүүл хоолтой гуанз) их иддэг байв. Идсэний дараа удалгүй маш их өлсөнө, ккк. Их сургууль төгсөх жил байсан болохоор хичээл дээр ядарна. Хагас цагаар ажиллаж байсан болохоор ажил дээр бас ядраад нойр л их хүрдэг байж билээ. 6 сартайгаас эхлээд тонус өгч эхэлсэн. Заримдаа маш их чангарч гэртээ ч босч чадахгүй болдог байлаа. Нэг удаа эмнэлэгт хэвтэж булчин суллах тариа, дусал хийлгэсэн. Нэг их нэмэр болоогүй. Харин 8 сар гарантай Японд очингуут тонус зүгээр болж төрөн төртлөө идэвхтэй алхаж байв. Сүүлийн саруудад өмнөх шигээ хоолондоо их анхаарахаа больсон. Гэхдээ суши идэлгүй их гүрийсэн дээ. 8-9 сар гэдэс язрахгүй явж байснаа сүүлийн сар дээр гэнэт маш их загатнаад, хартал гэдэсний доод хэсэг тэр аяараа хөхрөөд, язарсан байсан. Тос түрхээд байхад язарсанд нь нилээн цочирдсон. Нэгэнт язарсан бол яагаад ч арилдаггүй юм билээ. Хүйсийг нь мэдэх гэж яараагүй. Эхэндээ мэдэхгүй байж байгаад бүр сүүлд 9 сартайд нь эмч “Мэдмээр байвал хэлье - Хүү байна” гэв.
Төрөхөд би өөрөө 12кг нэмсэн.
Эхэн үедээ хэвийн байж байгаад удалгүй 4-5 сартайгаас тонус өгч эхэлсэн. Өмнө нь тонус гэж юугаа ч мэддэггүй байсан бол энэ удаа яаж чангардгийг сайн мэдэж байлаа. Тиймээс аль болох амарч, бүтэн цагаар ажиллаж байсныг хагас болгосон. Найзынхаа зөвлөсний дагуу жирэмсний сургалтанд сууж, өмнө нь мэддэггүй байсан юмуу гэмээр шинэ зүйлүүд нилээн мэдэж авсан. Анхны төрөлтийн үед бол сууя ч гэсэн тийм сургалт нь байдаггүй байлаашт. Мөн төрөөд удаагүй байгаа болон жирэмсэн найз нартайгаа нилээн уулзаж, туршлага хуваалцдаг байв.
Идэж уух юмандаа анхаарч байсан хэдий ч өмнөх шигээ нарийн дэг барилгүй, хааяа нэг кофе уух, суши ороомог идэх тохиодол мэр сэр байв. Хүүгээс ялгаатай нэг зүйл нь төрөхөөс нь өмнө 3D ЭХО-гоор анх удаа ерөнхий дүр төрхийг нь харсан. Төрөөд гарсны дараа яг л тэрэнтэйгээ адилхан улаан юм байж билээ. Өмнөх төрөлтийн язралт дээр нэмж язраагүй.
Нэг зүйл ажигласан нь Монголд жирэмсний хувцас зардаг газрууд ховор санагдаж, Монгол брэнд гаргадаг  ч юмуу гэж бодож үзсэн. Хүйсийг нь эхэндээ асуугаагүй ч охин байгаасай гэж хүссэн маань санаснаар болсныг төрөх дөхөөд эмч хэлсэн.
Төрөхөд миний биеийн жин 10кг-аар нэмэгдсэн байв.
Төрөлт


Төрөх хугацаанаасаа 6 хоног хэтэрч төрсөн. Шөнийн 12 цагаас өвдөж эхлээд маргаашийнх нь 16 цагт төрж билээ. Ус ерөөсөө гараагүй. Эмч хагалж гаргасан уу, яасан. Сайн мэдэхгүй. Энэ хооронд эхэндээ гайгүй байсан боловч, сүүлийн 4-5 цаг нь маш их өвдөж, сүүлдээ тэвчилгүй орилж, хагалж өгөөч гэж гуйсан. Японд төрөхийн нэг хэцүү нь өвчин намдаах тариа хийдэггүй юм билээ. Хийвэл бүр эртнээс захиалга өгч, тусгай эмнэлэгт төрнө гэдэг. Мөн амь насанд аюултай онцгой тохиолдолд л хийсвэр хийнэ. Аль болох органик, өөрөөр нь түрүүлэхийг хүсдэг юм билээ. Төрөх үед нөхөр юмуу ээжийгээ хажуудаа байлгаж болдог. Хажууд нь байх хүн нь заавал 3200 ен төлөөд сургалтанд хамт суусан байх ёстой байв. Яг төрөх явц бол нилээн хүнд байсан. Өвдөлт хангалтгүй байна гээд өвтгөх тариа хийсэн нь аймшигтай өвдөж, хүү маань сайн доошлохгүй байна гэж их удсан. Төрөх орон дээр гараад хүчээр хүүхдийг гаднаас нь шахаж, олон эмч нарын ачаар хүүг маань эсэн мэнд гаргаж авсан. Гарсны дараа энгэрт тавилгүй, эмчийн хяналтанд хоёр цаг байлгасны дараа усанд оруулчихсан авчирч өгсөн. Бүтэлттэй төрсөн эсэхийг хэлээгүй ч зүв зүгээр байгаагүй байх. Ямар ч байсан мэдээ алдуулалтгүй, хагалгаагүй өөрөөрөө төрсөн. Японд төрөөд, эмнэлэгт 6 хоног хэвтэхэд тухайн үед 450,000 ен болж байсан. Эмнэлгээс гарахдаа төлөөд дараа нь аавын/нөхрийн юмуу өөрийн ажлын газрын даатгалаас эргүүлж авдаг журамтай.
Анхны хүүхэд болоод ч тэр үү, тэр их өвдөлтийг хэзээ ч мартахааргүй…
3150г, 51см хүү төрсөн.
Ахтайгаа адилхан, төрөх хугацаанаас 4 хоног хэтэрч төрсөн. Хяналтын эмч маань нэг айлын хүүхдүүд адилхан хугацаанд төрдөг талтай гэж байв.
Жирэмсний сүүлийн сар ч гүйэ мөн удаан өнгөрдгийг хэлэх үү. Ахиад 4 хоног хэтрэхэд их л тэвчээр алдаж билээ. Ананас, халуун ногоо идэж үзлээ, дасгал хийж үзлээ, зөндөө алхлаа... байдаггүй шүү. Хүү дээрээ ч мөн тэгэж догдолж хүлээж байснаа сайн санадаг юм.
Охиноо төрүүлэх үйл явц яг л ажлын нэг өдөр болсон. Өглөө 7 цагт ус пал хийтэл гарч, удалгүй эмнэлэг явсан. Очоод үзүүлтэл өөрөө өвдөхийг нь хүлээнэ гээд 12 цаг хүргэв. Байдаггүй ээ. 13 цагийн алдад өвтгөх эм доогуур хийсэн нь 40 минутын дараа үйлчилж эхлээд өвдөлт өгөв. Би ч ус нь гарсаар байгаад хүүхэд бүтчихдэггүй юм байхдаа гэж их санаа зовж байлаа. Харин эмч наана чинь хангалттай ус байгаа гэж тайвшруулсан. Интермэдэд өвдөлтийн өрөө нь их тухтай байв. ТВ үзээд л, нөхөртөө эрхлээд, гэдсэн дэх үрийнхээ зүрхний цохилтыг сонсоод. Удалгүй өвдөлт хоорондын хугацаа ойртож 16-17 цагийн үед маш эрчимтэй өвдөв. 18 цагийн үед төрсөн. Санасныг бодоход хурдан, гурав дөрөв дүлээд л гарчихсан. Тэгэхэд том дээрээ яаж зовж байлаа...
Анхнаасаа аль болох өвчин намдаах тариа хийлгэхгүй гүрийнэ гэж бодсон байсан учир хийлгээгүй. Тэгээд ч хоёр дахь төрөлт эхнийхийг бодвол хамаагүй бага өвддөг юм билээ. Нөхөр бүх үйл явцыг харж хажууд байв.
3000г, 51см охин төрсөн.
Сэтгэлзүйн байдал (төрөхийн өмнөх)


Хүн залуудаа жирэмслэхээр яагаад ч юм их ичдэг ч гэхүү, бусдаас санаа зовдог ч гэхүү, жирэмслэлтээ нуудаг юм билээ. Ямар ч байсан үеийнхэн дундаа анхны ээжүүдийн тоонд орж байсан. Эргэн тойронд төрсөн эсвэл хүүхэдтэй найз байхгүй болохоор номноос мэдээлэл авч, ээжтэйгээ л их ярилцдаг байж билээ. Жирэмсний эхний 8 сар нөхөр гадаадад сурч байсан учраас бас тэрүүхэн тэндээ их ганцаардаж байснаа санадаг. Ер нь бол хүүхэд тээх, төрүүлэх, өсгөх бүх үйл явцад эхнэр, нөхөр хамтдаа л байх ёстой юм байна гэдгийг бие болоод сэтгэлээрээ сайн ойлгосон. Бүр гарцаагүй үед л тусдаа байхаас бусад нөхцөлд бол яаж ийгээд нөхрийнхөө дэргэд байх нь хэн хэндээ хэрэгтэй юм билээ.

Жирэмсэн байхдаа их л олон зүйлийн талаар бодно доо. Зарим нь ч бүр хийсвэр. Ямар царайтай байх бол гэхээс эхлээд л хэлд ороод, сургуульд явахыг нь хүртэл төсөөлнө. Ямартай ч эмэгтэй хүн өөрөө хүүхэдтэй болж үрээ өсгөтлөө ээж байх ямар хэцүү болохыг ойлгож, мэдэрдэггүй юм байна лээ.
Хоёр дахь хүүхэд учраас харьцангуй ойлголт сайтай, бүх процессоо мэдэж, сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Тэгсэн ч гэлээ төрөөгүй арваад жил болсон учраас нилээн айдастай байсан. Дахиад маш их өвдөх болов уу? Нуруунд хүндрэл гарах болов уу? Ямар нэгэн хүндрэл гарвал эмч нар шийдэж чадах болов уу гэх мэт. Нөхөр дэргэд байсан болохоор сэтгэл санаанд их нэмэртэй байсан. Байнга л халамжилж, биед болж байгаа бүх процессийг хамт туулж, номноос болон нэтээс уншсан мэдээллээ хоёулаа ярилцана. Хүүг төрсөн үеийг бодвол жирэмсний хэд хэдэн апп гарчихсан, юу юу нь төлжиж байгааг харж, ямар жимстэй адил хэмжээтэй болж байгааг нь идэвхтэй ажиглан, яг л анхны төрөлт шиг догдолж байлаа.

Сэтгэлзүйн байдал (төрсний дараах)


Анхны төрөлтийн үед Postpartum Depression (PPD) буюу төрсний дараах сэтгэлзүйн хямралын талаар мэддэггүй байв. Эргээд бодоход PPD тодорхой хэмжээнд явагддаг л байсан байх. Байсан ч тэрийгээ ялгаж ойлгох ухамсар, туршлага бараг байгаагүй байх дөө. Дээрээс нь нөхөр зөвхөн амралтаараа ирдэг байсан нь их л бухимдал үүсгэдэг байсныг сайн санадаг юм. Бараг л ганц бие ээж шиг эхний хэдэн жилийг өнгөрөөсөн. Мөн бусад ээжүүдийн л нэгэн адилаар зарим үед их л ядардаг байсан. Гадаадад байсан болохоор ойрхон дуудаад уулзчих, хүүхдүүдээ тоглуулчих найз нөхөд, хамаатан садан байхгүй, гэр бүлийнхэнтэйгээ л цагийг өнгөрөөдөг байв. Дээрээс нь хүүхэдтэй болсноо олон хүнд зарлаагүй учраас хүүгийн талаар бараг хүмүүс асуудаггүй, би ч нэх ярьдаггүй, дотны хүмүүсдээ л мэдэгддэг байв.
Охин дээр үе үе PPD хөнгөн хэлбэрээр илэрнэ. Гэхдээ энэ талаар дэлгэрүүлж уншихаар PPD-д нөхөр, гэр бүлийн туслалцаа, дэмжлэг маш чухал нөлөөтэй гэж олонтоо бичсэн байдаг. Тиймээс аль болох нөхөртэйгөө илэн далангүй ярьж, хэрэгтэй үедээ туслалцаа хүсч, хүүхдээ харж асрах хуваарь тогтоосноор, өөрөө өөртөө зарцуулах цаг жоохон ч болтугай гаргаснаар анхны хүүхдийг бодвол сэтгэл санаа амар байгаа. Мөн аль болох байнга гэртээ суухгүй, гэр бүлээрээ юманд явах, найз нөхөдтэйгээ уулзах, сонирхолтой ном унших, гэрээсээ ажиллах нөхцөл бүрдүүлснээр сэтгэл санаагаа өөдрөг байлгахад суралцаж байна.
Нийгэм, бусдын харилцаа


Ямар ч тохиолдолд хүмүүс, найзууд жирэмсэн гэдгийг мэдсэний дараа элдэв арга хэмжээнд урьж дуудах, хань татахаа больдог юм билээ. Энэ нь залуу байхад нэг л гунигтай жийгдэж байгаа юм шиг санагдаж, сүүлдээ ч тэрэнтэйгээ эвлэрдэг.

Төрсний дараа бол юун хүмүүстэй уулзах манатай. Битүүхэндээ гарах, зугаалах хүсэл маш их байдаг байсан боловч ээжийн үүрэгтэйгээ эвлэрээд л наргиж цэнгэж, аялж байгаа үеийнхэнд дотроо атаархаад л өнгөрдөг байлаа.

Гадаадад төрж, амьдрахын бас нэг гунигтай нь тэр. Бараг л нийлээд уулзчих найз нөхөд байхгүй. Хүүхдийг чинь эргэж ирж, гоё бэлэг өгч, хууч хөөрөх хүний тоо маш цөөхөн.

Хөгширсөн хойноо төрөхийн аятайхан юм нь хүлээлт харьцангуй бага байдаг юм шиг санагдсан. 30 гартлаа бүх үзэх ёстой юмаа үзэж, аялж зугаалж, наргиад цэнгэчихсэн учраас барагтаа орж гарах хүсэл төрөхгүй. Хүмүүс хаана юу хийж байгаа нь огт сонин биш болсон байсан.

Харин ч эсрэгээрээ орж гарахаас залхуу хүрээд, аль болох л гэртээ байхыг хүсч, хүн амьтан юманд дуудаж, уривал эвтэйхэн татгалздаг болдог юм байна лээ. Гэрийнхэнтэйгээ сайхан хоол хийж идээд, кино үзэж суух нь хамаагүй таашаалтай, ккк.

Түүнээс гадна Монголдоо байхаар найз нөхөд, хамаатнууд ойрхон, хүүхдийг нь эргэе гээд л үе үе хүмүүстэй уулзана. Тэр нь бас сэтгэл санаанд их эерэгээр нөлөөлдгийг сүүлд ойлгосон.
Санхүүгийн байдал


Залуу байхад төрөхийн нэг сул тал нь санхүүгийн хараат байдал. Жирэмсэн байхдаа цагаар ажиллаж байсан боловч сарын 90 мянган төгрөгний цалин хаа хүрэхэв дээ. Хүүхэддээ юм авч өгөх хадгаламж ч байхгүй. Дээрээс нь аавын гэрт амьдрахаар өөрийн тусдаа байранд байхаас орон зай арай хязгаарлагдмал. Гэхдээ ямар ч байсан миний хүүхэд учраас ээж ааваасаа мөнгө гуйхгүй байхыг хичээж төрсний дараа, хүүгээ 3 сартайгаас нь цагийн ажил хийж эхэлсэн. Японд амжиргаа маш өндөр байдгийг ч хэлэх үү.

Энэ нь нэг талаараа цалин авах давуу талтай байсан ч нөгөөтэйгүүр надад гэрээс гарч нийгэмших, сэтгэл санаагаа өөр юманд хандуулах боломж олгож байсан. Би өөрөө зүгээр суух дургүйг хэлэх үү, удаан гэрт байх хэцүү байдаг.

30 гараад хүүхэдтэй болохын хамгийн аятайхан нь өөрийн гэсэн орон байр, машинтай, санхүүгийн чадамжтай, хөл дээрээ босчихсон, дураараа байх бүрэн эрх мэдэлтэй гэх мэт зүйлс байсан. Өөрийн болон найзуудын туршлагаас харахад ер нь ямар ч гэр бүл аль нэг ээж аавын гэрт биш, тусдаа өөрийн гэсэн байранд байх нь чухал юм билээ. Охин дээр ялгаатай зүйл нь хүүгээс өмнө угжинд оруулсан учир формулад нилээн их мөнгө зарсан. Мөн утаанаас хол байлгах гэж л мөнгө зарлагдаж байх шиг байна даа. Дээрээс нь жил ирэх тусам бэйби арчилгаанд зориулсан бүтээгдэхүүн, хэрэгслийн тоо ихсээд ч байх шиг санагддаг. Аль нь яг хэрэг болох, аль нь мөнгөний гарз гэдгийг найзуудын зөвлөгөө дагуу сонгодог. Мөн нас ахихын хэрээр өөрийн гоо сайхан, бие арчилгаанд зарцуулах зардал яалт ч гүй нэмэгдсэн.
Хүүхдийн хөгжил


Хүү дээрээ тусгай дэвтэр гаргаж аль болох сар болгоных нь хөгжлийг тэмдэглэдэг байв. Сүүлрүүгээ ч дэвтэрт бичих зав багасаад орхигдсон. Хүүхэд том болоод ирэхийн хэрээр тоохоо больдог юм билээ. Хүү маань байнга хүүхдийн эмчдээ очиж хяналт хийлгэд явж байсан болохоор тухайн үед нь мэдэх ёстой зүйлээ мэдчихээд охин дээрээ заримыг нь мартсан байсан.

Японд хүүхэд өсгөхийн нэг сайхан юм нь хүүхэд 3 нас хүртлээ эмч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, эм үнэгүй авч, 18 нас хүртлээ хүүхэд бүр сарын 12000 ен (250 гаран мянган төгрөг) тэтгэмж авдаг. Тийм болохоор хэчнээн өвдсөн ч, мөнгөгүй байсан ч, эмчид үзүүлэх баталгаатай, сэтгэл амар. Сүүлд сонсоход декритний хугацаа нэг жил хүртэл болж, цалингийнхаа 60%-ийг авдаг гэж байсан. Энэ нь хүүхэд гаргахын дэмжих бодлоготой нь холбоотой байх.

Хүү маань төрөхдөө л нилээн үстэй байсан. Тэр нь 5-6 сар хүрээд хөлрөхийн хэрээр тойрч унаад, нэг хэсэг мөөгөн толгойтой явж билээ. Сонирхолтой нь Японы эмч нар хүүхдэд витамин Д өгөхийг санал болгодоггүй, хоолноосоо, нарнаас авах ёстой гэж үздэг юм билээ.

Хүү ерөөсөө дөрвөн хөллөж мөлхөөгүй. Цэрэг мөлхөө гэгддэг өөрийгөө хэвтээ чирж явж байснаа гэнэт хөлд орчихсон. Тухайн үедээ анхных байсан болохоор битүүхэндээ санаа зовж байсан ч хүүхэд болгон өөр юм байна гэдгийг тэрүүгээр ойлгосон. Ой 2-3 сартайдаа хөлд орсон.

Хүүгээ хоёр нас хүртэл нь хөхүүлсэн. Гэхдээ бас ингэж удаан хөхүүлэх дэмий юм билээ. Хөхний сүү сахар ихтэй байдаг тул Япон эмч нар хамгийн удаандаа нэг нас зургаан 6 сар хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг. Түүнээс болснуу, яасан, хүүгийн шүд нилээн эрт хорхой идэж эхэлсэн. Дээрээс нь хүүхдийг хөхүүлэхэд ээж өөрөө маш их ядардаг юм билээ. Бие ноолохоос эхлээд, шөнө бүтэн нойртой хонохгүй гэх мэт.




 

Охин дээрээ жирэмсэн байхдаа тэмдэглэл эхэлсэн боловч төрөөд л тэрийгээ хөтлөх мантай байж байтал нэг нас гарчихсан. Өсөлтийг хувьд жин арай бага боловч өндөр болон хөгжил нь үеийнхэнтэйгээ ойролцоо яваад байгаа. Ахтай нь харьцуулбал  цөөхөн удаа эмчид үзүүлсэн. Өөрөө харьцангуй дархлаа сайтай, өвдөж зовоогоогүй. Эмнэлэг гэхээр Интермэдэд очихоор нэг л их үнээр ойр зуур үзлэг хийгээд, улсын эмнэлэгт очихоор өвчин авчих болов уу гэсэн айдас хүйдэстэй ер нь нэг их үзүүлээгүй дээ. Миний бодлоор хүүхдийг хараад ааш араншин, байгаа байдал нь эрүүл л байвал заавал сар болгон үзүүлээд байх шаардлагагүй юм шиг санагдах болсон.

Миний охин төрөхдөө л өтгөн сэвлэг шар даахьтай төрсөн. Томрох тусам үс нь урт ургаж хүмүүс ямар их үстэй юм л гэдгийн. Ахыгаа бодвол шаргал туяатай үстэй. Витамин Д ер нь тууштай өгч байгаа. Нэг инээдтэй нь шүд нь ургахдаа дээд үүдэн шүд биш хажуугийн хоёр нь түрүүлж ургасан. Инээхээр нь вампир шиг цухуйдаг.
Охин ахтайгаа адилхан өвдгөөрөө мөлхөөгүй. Харин инээдтэй сармагчин шиг гар дээрээ тулаад бөгсөө зөөж мөлхдөг байсан. Хөлд орохдоо зогсож чадаад байсан мөртлөө өөрөө тавиад явах итгэл байхгүй нилээн хашир нөхөр. Ах нь бас яг тиймэрхүү. Ахтайгаа ойролцоо насандаа хөлд орсон.

Охиныг тодорхой шалтгааны улмаас нилээн эртнээс хуурай сүүгээр угжсан. Тэрний давуу тал нь ээжид маш амар байдаг юм билээ. Орхиж явахаас эхлээд, сүүлд өөрөө угжаа барьдаг болсноос хойш бол сүүг нь найруулаад бариулчихад заавал харж, дуусахыг нь хүлээх хэрэггүй амар болсон. Дархлааны хувьд бол ерөөсөө сульдах, өвдөх юм байгаагүй учир биед нь муугаар нөлөөлөөгүй санагдсан. Харин эхэндээ чихэрлэг сүү диатиз өгөөд, хэд хэд өөр сүү туршиж үзсэн. Мөн хуурай сүү нилээн үнэтэй байдаг. Бусдаар бол ээжид их амар санагддаг.






Дүгнэлт

Хүүхэд гэдэг нэгэнт олдсон цагаасаа эхлээд л мөнхөд ээж хүний сэтгэлд уяатай, насан туршийн хариуцлага байдаг. Тиймээс залуудаа хүүхэд гаргахад ээж хүн залуу нас, эрх чөлөөгөө тэр чигт нь хүүхэддээ "бэлэглэх" болдог. Зарим ээж нарт энэ нь сайхан санагдах боловч хүн л болсон хойно бид нас дагаж ухаажиж, томоождог учраас ихэнх нь энийг хүлээж авахад бэлэн байдаггүй. Тодорхой хугацаанд шоконд ордог. Харин эрт гаргахын давуу тал нь хүүхэд чинь өөртэй чинь зэрэг өсч хүн болоод, том болсон хойно нь нэг том ажлын ард гарсан юм шиг санагддаг. Хүүхэд оройтлоо гэж бодох юмгүй амар. Хүүхэд бол гарсан хойноо яаж ийгээд хүн болдог. Үүнд гэр бүлийн оролцоо, дэмжлэг л маш чухал.

Харин бүх сурч ажиллах зорилгоо биелүүлж, аялж, зугаалж цэнгэж дуусаад "бэлэн" болсон хойноо хүүхэд гаргавал ямартай ч сэтгэл санаанд их амар байдаг юм билээ. Бага стрессддэг гэхүү дээ. Бас юмыг нэг наанатай, цаанатай хардаг. Гэхдээ анхны хүүхдийн өвдөлт бол аль ч насанд адилхан байдаг байх. Тэрийгээ давчихвал бусад нь цувраад гараад ирдэг гэж ярьдаг юм билээ, ккк. Хүүхдээ хойшлуулахын нэг эрсдэл нь үр тогтох асуудал болоод байгааг сүүлийн үед ажиглаад байгаа. Тиймээс өөрийн биеийн онцлогт тааруулан тухайн зөв хугацааг төлөвлөх нь зүйтэй байх. Гэхдээ иймэрхүү зүйлс санаснаар болдоггүй бөгөөд эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн замналыг туулдгийг би энд мэдэмхийрээд ч яахав.

Бүх эмэгтэйчүүддээ эрүүл чийрэг, энхрий хөөрхөн үрстэй болохыг хүсэн ерөөе!
Ээжүүд мундаг шүү!

COMMENTS

BLOGGER: 3
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: MOMMY BLOG #1: 23-тай, 32-той хүүхэд гаргахын ялгаа
MOMMY BLOG #1: 23-тай, 32-той хүүхэд гаргахын ялгаа
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiiQulxOVSZWz5h0fJ_fdOiRIs_n96DdXxOMxuxHp-kV-zh21utDnNLLdBkoX6LUknvIy35H38fa0rIQWoH5Vnq7pxONatktwUVIl0HVuYTwFmgfZluInNwAmnJMg2tw8PfpFML22xNI1A/s320/IMG_1198.PNG
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiiQulxOVSZWz5h0fJ_fdOiRIs_n96DdXxOMxuxHp-kV-zh21utDnNLLdBkoX6LUknvIy35H38fa0rIQWoH5Vnq7pxONatktwUVIl0HVuYTwFmgfZluInNwAmnJMg2tw8PfpFML22xNI1A/s72-c/IMG_1198.PNG
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2019/03/mommy-blog-1-23-32.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2019/03/mommy-blog-1-23-32.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy