“200 жилийн дараа…” гээд ямар нэгэн юмны
тухай ярихаар танд юу бодогддог вэ? “Өө би ч тэрийг үзэхгүйнэ нь байна” гээд
инээгээд өнгөрдөг үү? Эсвэл “нээрээ би чинь байхгүй байх нь байнашт, ямар аймар
юм бэ?” гэж бодогддог уу?
Айхтар хүнд сэдэв хөндөөд, өнөөх чинь юмтай
болсон юм болов уу? гэж битгий бодоорой. Жоохон шинжлэх ухааны талаас нь бичих
гээд юм унштал эцэс төгсгөлгүй, хэт гүнзгий сэдэв болчих гээд байгаа тул
энгийнээр нь өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя даа. Шулуухан хэлэхэд хүн болгон
энэ тухай амьдралдаа ядаж нэг удаа бодож үзсэн байдаг байх. Ямар ч байсан энэ
сэдвийг англиар Гүүглдэх гэтэл “…юу вэ?” гэж хийхэд аль нэг түлхүүр үгийг нь
хийхгүйгээр шууд гарч ирж байна. Тэгэхээр энэ сэдвийн талаар хүмүүс их хайдаг
гэсэн үг.
Миний хувьд энэ талаар нэг битгий хэл үе үе
боддог. Хамгийн анх өсвөр насандаа энэ талаар бодож эхэлж тэрнээс хойш ихээхэн
хүндээр тусгаж авсан үе нь 20 настайдаа машинд чирүүлж аваарт орсны дараа.
Үхэлтэй тун ойрхон зөрж, эмнэлгийн оронд шээс
баасаа зөөлгөн хэвтэх тэр үед хүний толгойд есөн шидийн л юм бодогддог юм байна
лээ. Тэр үед надад хамгийн их бодогдсон зүйл бол “Амьдралын утга учир юу вэ?
Бид юуны төлөө амьдардаг юм бэ?” гэсэн асуултууд байлаа. Орноосоо өндийж
чадахгүй надад тухайн үед хамгийн их хүсч байсан зүйл бол эргээд хөл дээрээ
босч эрүүл болох байсан. Өнөөх сургууль соёлоо төгсөх, хүнтэй сууж гэр бүлтэй
болох, мөрөөдлөө биелүүлэх бол хол санагдаж билээ. Намайг гэж эргэж ирэх эрүүл
саруул найз нөхөд, элбэг дэлбэг биш ч гэсэн эрүүл яваа хамаатан садан, орж
гарах хүмүүсийг хараад тэдэнд их атаархаж байж билээ. Хүний гарт орсон үед тэр
эд хөрөнгө, нэр хүнд, хэрүүл маргаан, алдар цол үнэхээр хэнд ч хэрэггүй
байдгийг, харин эрүүл мэнд л чухал юм байна гэдгийг гүнээ ухаарсан. Энэ л үед үхэл
гэдэг нэгхэн алхамын цаана байдгийг сайн ойлгож билээ. Тэр цагаас хойш хөл
дээрээ босч, сургуулиа төгсч, хүүхэдтэй болж хүсэл зорилгоо бага багаар
биелүүлсээр ирсэн. Харин дараахан нь бас нэг ойлгосон юм нь хүн давардаг юм
байна лээ. Босох юмсан гэж боддог байсан хүн чинь босоод бүх юмыг хийх хүсэл
эрмэлзэлтэй болж нөгөө өвчтэй хэвтэж байсан үеэ мартчихдаг юм билээ. Гэхдээ
амьдралын тухай асуух асуулт маань өөрчлөгдөөгүй ээ.
Хүний амь зүүн дээр тогтсон будааны ширхэг
шиг ховор зүйл гэдэг. Тэгвэл энэ нэг насыг хүн яаж туулах ёстой юм болоо?
Мэдээж хүн болгон үүрд дуурсагдахгүй, түүхэнд нэрээ мөнхлөхгүй. Дуурсагдахын
төлөө амьдрах ёстой юмуу? өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байж байгаад
хорвоог үдэх ёстой юмуу? Би жил болгон Оскар, Грамми-гийн шагнал гардуулах
ёслол үзэж байхад хамгийн их сэтгэл хөдөлгөдөг хэсэг нь тухайн жил нас барсан
тухайн салбарын нэр хүндтэй хүмүүс. Тэр хүмүүс өөрсдийн салбартаа нэрээ үлдээж,
түүхэн гавъяа байгуулсан л хүмүүс байдаг байх. Гэтэл тэднийг 1 секундэд дурсаад
л өнгөрдөг. Энэ бүх хүмүүсийн цаана бүхэл бүтэн амьдрал байсан гэж бодохоор…
нэг л гунигтай.
Амьдралын утга учрыг хамгийн их эргэцүүлдэг үе
нь эргэн тойронд байгаа дотны хүмүүс маань бурхны оронд одох тэр мөчид байдаг.
Хүүгийнхээ дэргэд өвдөг сөгдөн араас нь уйлан дуудах эхийн дуу, нөхрийнхөө
араас ирээдүйг төсөөлшгүй шаналан хоцрох хүний хань, аавыгаа диваажингийн оронд
нь үдэх учраа мэдэхгүй бяцхан хүүхдүүд. Энэ бүгдийг нүдээрээ харж, чихээрээ
сонсох тоолонд өнөө л асуултаа асууна, сэтгэл маш их тавгүйтнэ. Эргэцүүлээд
бодохоор “Бид нар ингээд л яваад өгөх байсан юм бол юуны төлөө амьдардаг юм
бэ?” гэж дахин дахин асууна. Дэлхийг өөрчлөх ёстой юмуу? Хүн төрөлхтөнд нээлт хийх ёстой юмуу? Эд хөрөнгө цуглуулах ёстой юмуу? Үр хүүхэд, гэр бүлээ үлдээх ёстой юмуу? Ээж аавынхаа ачийг хариулах ёстой юмуу? Бусдын төлөө амьдрах ёстой юмуу? Эсвэл өөрийгөө л бодож амьдрах ёстой юмуу? Эсвэл энэ бүхний голыг олсон нэг хариулт байдаг юмуу?
Миний бодлоор хүн хэзээ үхэхээ мэдэхгүй
учраас өдөр бүрийг сүүлийнх юм шиг утга учиртай, өөртөө зориулж, хайртай
хүмүүстэйгээ өнгөрөөх нь зүйтэй юм болов уу. (Мэдээж хүүхэд байхад ийм өнцгөөс
хардаггүй л байсан, тийм учраас олон таван бодох санах юмгүй хүүхэд насаа их
санадаг). Өнөө цагт бүх л хүмүүс ажил гэж, мөнгө хөөж, амьдралын жижиг зүйлээс
сайн сайхныг нь мэдрэх завгүй явдаг. Гэтэл ажиллаад мөнгө олно, олсон мөнгөөрөө
эд зүйлс авна, үхэх цагт чи тэд нарыгаа аваад үхэхгүйгээс хойш тэгтлээ юм
цуглуулах хэрэг байна уу? Мэдээж хүн сайхан амьдарч энгийн хэрэгцээгээ хангах
нь чухал. Гэхдээ зарим хүмүүс мөнх амьдрах юм шиг улайрдаг нь харамсалтай.
Миний хувьд би олсон мөнгөө аль болох аялж, гэрийнхэндээ зарцуулж, тэдэнтэй
цагийг өнгөрөөж, тэднийг баярлуулах дуртай. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт “би
боломжтой байсан үедээ тэгэхгүй яав даа” гэж харамсахгүйн төлөө хийдэг, мөн би
эд зүйлс биш оюун санаанд байгаа дурсамж, өөрийн сэтгэл ханамжаа л авч явна.
Иймэрхүү юман дээр хүн хүний амьдралын философи, шашин шүтлэг, итгэл үнэмшлээс
шалтгаалаад өөр байдаг байх л даа.
Үүнээс гадна би утга учиргүй нэр алдар хөөж,
хэрүүл маргаан хийдэг хүмүүсийг бодохоор хайран санагддаг. Эцсийн эцэст хэн нэг
нь өнгөрөхөд хэрэлдэж, үзэн ядах биш “сайн хүн байж билээ” гэж дурсаад л
өнгөрдөг. “Тоглоом дуусахад шатрын ноён, хүү хоёр нэг хайрцаганд ордог” гэсэн
Итали ардын зүйр цэцэн үг байдаг. Дарга ч бай, боол ч бай бүх зүйл дуусахад нэг
л хайрцаганд орохоос хойш хайран амьдралыг ингэж өнгөрөөж байвал бас нэгийг
эргэцүүлээрэй.
Хүүхэд байхад амьдрал маш урт, удаан юм шиг
санагддаг байсан. Харин нас ахих тусам улам хурдсаж, өвгөд хөгшид нэг нэгээр
тэнгэрт хальж энэ асуултыг асуух тоо улам ихсээд ч байх шиг.
Саяхан нэг сайн сайхан явсан, сайхан
сэтгэлтэй, залуухан ахыгаа алдаж, сэтгэл тавгүйтэж, олон жил тээж явсан бодлоо
зүгээр л буулгамаар санагдав. Таагүй сэдэв хөндсөн бол хүлцэл өчье. Та бүхэн
бас энэ асуултын талаар өөрсдийн бодлоо хуваалцаарай.
*Зарим түүхэн хүмүүсийн амьдрал ба үхлийн
тухай хэлсэн цэцэн үгнүүдийг хөрвүүлэв.
![]() |
Эцэс төгсгөлд нь чиний амьдралдаа туулсан он жилүүд биш, он жилүүдэд туулсан амьдрал чинь л тоологддог. |
![]() |
Ухаалаг амьдарсан хүн үхлээс хүртэл айдаггүй |
![]() |
Амьдралынхаа жижигхэн зүйлсүүдийг мэдэрч/таалж өнгөрөө. Учир нь чи нэг л өдөр эргэж хараад тэр зүйлс чинь том зүйлүүд байсныг ухаарах болно. |
![]() |
Үр бүтээлтэй өнгөрөөсөн өдрийн дараа сайхан унтдаг шиг, үр бүтээлтэй өнгөрөөсөн амьдралын дараа сэтгэл амар үхэж болно. |
![]() |
Маргааш үхэх юм шиг амьдар Үүрд амьдрах юм шиг суралц |
![]() |
Үхлээс айх айдас нь амьдралаас айх айдаснаас үүдэлтэй байдаг. Бүрэн дүүрэн амьдарсан хүн хэзээ ч үхэхэд бэлэн байдаг. |