feawfaewgae

АРВАН хэдтэй идэр залуучуудад өгөх АРВАН зөвлөгөө

Харвардын Кеннеди Сургуулийн leadership-ийн хичээлийн эхний өдөр Профессор -"Манлайлагч (leader) гэж хэнийг хэлэх вэ?" - гэж асуулаа. Оюутнуудыг жоохон бодолд автуулж байгаад өөрийнхөө санааг хэлэв: “Хүн бүр цаг нь болохоор нөгөө ертөнц рүү явна. Тэр цагт чи эргэж хараад яг юу үлдээсэн байхыг хүсэх вэ? Үүний хариулт маш энгийн. Чи энэ дэлхий дээр байх хугацаандаа өөрийн болгож авсан бүхнээсээ арай жоохон илүүг буцаагаад өгөхөд чиний хүн болсны хэрэг. Тэрнээс хүн болгон Нобелийн шагнал хүртэж, сансарт ниссэн байх албагүй” гэж хэлэв. Ингээд бодохоор нээрээ л тийм. Бид бүхэн дор бүрнээ өөртөө шингээж авсан зүйлсээс арай жоохон илүү тус хүргэж, тухайн орчноо анх ирэхэд чинь байснаас арай жоохон дээр болгоод үлдээхэд тэр чиний амьд явсны хэрэг. Энэ нь юу ч байж болно. Хүүхдээ сайн хүн болгож өсгөхөөс эхлээд Афганистанд энхийг сахиулах хүртэл өөрийн хийж чадах л зүйлээс эхэлнэ. Тиймээс би саяхнаас өөрийнхөө чадлын хэмжээнд байж болох бүх нөөц бололцоогоо ашиглан аль болох бусдадтай сурсан мэдсэнээ хуваалцаж, хүмүүст жоохон ч болтугай тус хүргэхийг хичээх болсон.

Өнөөдөр би 30 нас руу нэг жилээр ойртлоо. Аяа миний 18 нас гэж явсан үе саяхан мэт. Энэ хугацаанд сурч, аялж, хүүхэд гаргаж, хүний эхнэр болж, машинд хүртэл чирэгдэж бишгүй л зүйлийг үзлээ. Энэ бүхнээс суралцсан зүйлсээ би надаас нэг үеэр дүү залуустай хуваалцах гэсэн юм. Энэ үе нь аль юм гэхээр өсвөр наснаас эхлээд 20 гарсан залуус байж болох юм. Мэдээж өөрсдийнхөөрөө тусгаж авна биз ээ.
       Миний бага дүү 13 настай. Түүний үеийнхнээс эхлээд 20 гарч яваа залууст зориулж өөрийн биеэр туулж ухаарсан сургамжуудаас 10 зөвлөгөөг арай илүү олон оймс элээсэнийх гэсэндээ санал болгож байна. Амьдралыг зөв туулах дүрэм гэсэн юм байхгүй. Гэхдээ бас ийм юм байдаг юм шүү гэдгийг багаасаа мэдэж байвал олон сонголтон дундаас өөртөө зөв шийдвэр гаргахад нь тус дэм болох юм болов уу гэж санасных...

1. Зорилготой бай, өөрийгөө хөгжүүл

Хүмүүс хорь гартлаа ирээдүйд яахаа шийдэж чаддаггүй. Хорь битгий хэл 30 гараад хөлөө олоогүй хүмүүс байдаг. Угаасаа амьдралд дөт зам гэж байхгүй. Хүн хүн өөрийнхөөрөө явдаг. 10 жилд байхад би амьдралыг их л гэгээлгээр, гэнэн цайлганаар төсөөлж билээ. Сургуулиа төгсөөд гадаадад сурна, 3-4 жил ажилчихаад мастерт сурна, хүнтэй үерхэж үзээд, бүр дотносвол хамгийн багадаа нэг жил хамт амьдарч байж суухаа шийднэ, тэгээд 40 хүрэх дөхөх үед нэгэн олон улсын байгууллагад боломжийн ажил хийнэ. Ингээд цаашаа амар сайхандаа жаргах юм л мөрөөдөж байсан. Ерөнхийдөө энэ миний зорилго/хэтийн төлөвлөгөө байсан гэхүү дээ.

Би өөрийгөө гэнэн гэдгийн учир нь би энэ бүхнийг нэг л дардан шулуун замаар болчих юм шиг төсөөлдөг байсан. Гэтэл бодит амьдрал тийм байгаагүй. Саад бэрхшээл, хүндрэл, төлөвлөөгүй зүйлс гэнэт өөдөөс чинь гарч ирнэ. Түүнд бэлэн биш ч гэсэн тэмцээд, туулаад гарахаас өөр сонголт байхгүй.

Чи зорилготой байвал чиний амьдрал арай илүү утга учиртай, цаашдын хэт төлөв чинь бага ч болов нүдний чинь өмнө кино шиг зурайж харагдах ёстой. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд багаасаа эхлээд өөрийгөө хөгжүүл. Төгөлдөр хуурч болмоор байгаа бол төгөлдөр хуурын дугуйланд яв. Улс төрч болмоор байгаа бол түүхээ судал, агуу улс төрчдийн намтар унш, тэдний алдаа онооноос суралц, мэтгэлцээний тэмцээн уралдаанд оролц, олон нийтийн өмнө илтгэл тавьж сур.
Ингэж бага багаар өөрийгөө дотроосоо хөгжүүлж байж чи тэр хүсээд байгаа зорилгодоо алхам алхамаар ойртоно. Мөн өөрийнхөө авъяас, сонирхолоо эрт олж мэдвэл түүндээ зарцуулах цаг зав илүү гарна.

2. Ээж аавдаа битгий найд. Эр хүнд битгий найд (охидууд). Зөвхөн өөртөө найд

Хүүхэд байхдаа мэдээж бид ээж аавынхаа гэрт өсч, алган дээр нь бөмбөрдөг. Гэхдээ аль болох эртхэн энэ аюулгүй үүрнээсээ дүүлэн нисэх хэрэгтэй. Чи хэдий эрт биеэ дааж сурна, төдий чинээ чамд л хэрэгтэй. Ээж аав чинь үргэлж чамтай хамт чамайг хамгаалж, араас чинь санаа зовж, алдааг чинь засч, амьдралын ухаан зааж явахгүй. Нэг л мэдэхэд чи тэдний ач тусыг хариулах цаг ирнэ. Тиймээс аливаа юмыг хийхдээ жоохон бодолтой хандаж, за яахав дээ, болохгүй бол ээж аав аргалчих юм чинь гэж битгий бод. Энэ чиний л амьдрал. Чи үүндээ эзэн нь байх ёстой.

            Эмэгтэй хүмүүс бас ээж ааваас гадна найз залуу, эр нөхөртөө найддаг тал бий. Зарим нь ч шулуухан баян нөхөртэй суугаад амьдрал ОК гэж горьддог. Тэгэж чаддаг цөөн хэд нь байхад тэгэхгүй нь олон байна. Эмэгтэй хүн юмыг сайнтай муутай боддог байх хэрэгтэй. За яахав чи сайн нөхөртэй байг. Чиний төлөө бүхнээ зориулж, цалингаа чамд өгч, чи ажил хийх шаардлагагүй сэтгэл хангалуун сайхан амьдарна. Гэтэл нэг өдөр нөхөр чинь өөр хүнтэй болоод чамайг хаяад явлаа, эсвэл муугаар бодоход нас барлаа гэж бодъё. Тэр тохиолдолд чамд Plan B байгаа юу? Чи хэтэрхий нөхөртөө найдаад ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй, ажил хийж сураагүй, ээж аав чинь чамд тусалж чадахгүй. Ийм нөхцөлд хэн чамайг ирж аврах вэ? Дахиад авралын элч болсон сайн нөхөр чамд олдох магадлал хэр вэ? “Юмыг яаж мэдэхэв гээд лам боовтой төрдөг” гэдэг шиг, юмыг яаж мэдэхэв гээд өөртөө л найдаж явахад чи алзахгүй. Өөрийн гэсэн чаддаг юмтай бай. Болж өгвөл өөрийн гэсэн орлоготой байхыг хичээ. Ингэснээр ядаж л чи эр нөхөр, ээж аавынхаа гарыг харахгүй тэр хүсээд байгаа гутлаа аваад түүндээ би авсан шүү гээд сэтгэл хангалуун байна. Биеэ даасан эмэгтэйчүүд илүү өөртөө итгэлтэй байж, илүү бусдын шохоорхлыг татдаг. Чамд өөрт чинь ч гэсэн илүү сэтгэл ханамжтай байх болно.

3. Ном унш. Сонин унш

Миний оройтож ухаарсан нэг алдаа, би ном сонин уншихад үнэхээр цаг зав гаргадаггүй байсан. Түүнийхээ үйл лайг одоо эдэлж, оройтсон ч гэсэн энэ зуршилд шинээр суралцаж байна. Дижитал эрин үед номоор яадаг юм гэж бодож байвал маш том эндүүрэл. Нэг нээгээд тавьмааргүй байдаг номыг амтархан унших хэчнээн кайфтай. Гэхдээ миний насан дээр ирэхээр та нарынх шиг тухлан суугаад ном унших цаг тэр болгон олдохгүй. Сонин уншиж орчин цагтайгаа хөл нийлүүлэн алх. Ингэх юм бол ядаж чи хүнтэй танилцаад яриа өрнүүлэхэд ярих сэдэвтэй, яриа чинь илүү сонирхолтой байна. Тэр хүн чамайг үнэлэх үнэлэмж хүртэл ихэснэ. Мөн чиний оюун ухаан чинь тэлж, юмыг олон талаас харьцуулж үздэг болно. Наад захын их сургуульд ороход чинь амьдрал хамаагүй хялбар болно. Ер нь ном, чармайлт хоёр байхад чи багшгүйгээр асар их юм сурч болохыг мунхаг би саяхан ухаарсан. “Good Will Hunting” гэж кинон дээр гардаг. MIT сургуулийн цэвэрлэгч мөртлөө багаасаа маш олон ном уншсан тэрээр MIT сургуулийн оюутнуудын бодож чадахгүй тоог бодож чаддаг. (Жоохон хэтрүүлэгтэй, гэхдээ хөөрхөн кино).

4. Гэр бүлээ хайрла, тэдэнд цаг гарга

10 жилд байхад амьдрал мөнх юм шиг санагддаг байж билээ. Хичээлийн 40 минут ч урт, зуны амралт жил шиг л өнгөрдөг байсан. Нас нэмэх тусам энэ хугацаа хурдасч жилийн дөрвөн улирал арай л хурдан солигддог болж. Бид нарт ийм санагдаж байгаа юм чинь 50 60-тай ээж аав нарт маань ямар байдаг бол гэж хааяа боддог. Ээж аав чинь мөнх биш. Та нарыг гэдсэнд байх цагаас эхлээд л өдийг хүртэл чинь хүн болгох гэж бүгд амьдралаа зориулсан, зарим нь золиосолсон байгаа. Тиймээс аль болох тэднийгээ амьд байгаа дээр нь хайрла, баярлуул, хамт цагийг өнгөрөө. Найз нөхөр, нэр төр, эд хөрөнгө бүгд чамд дараа олдоно. Ээж аав, гэр бүл чинь л ганцхан. Жоохон байхад гэр бүлтэй өнгөрөөх цагаас илүү найз нөхөд, зугаа цэнгэлийг илүүд үздэг нь бидний зан. Яг амьдралд юу чухалыг бид тэр үед ухаараагүй л явдаг. Саяхан би “About Time” гэж кино үзлээ. Нэг залуу цагийг ухраадаг удамтай. Тэрээр хүссэн үедээ алдаагаа зөв болгохын тулд тухайн өнгөрсөн үе рүү буцдаг. Гэтэл киноны төгсгөлд аав нь хорт хавдраар өвдөөд нас барав. Залуу аавдаа сүүлийн удаа баяртай гэж хэлэхээр цаг хугацаа руу буцаж хүүхэд насан дээрээ очин аавтайгаа далайн эргээр хамт гүйлдэж тоглож байгаа дүр гардаг. Жирийн үед бидний хувьд иймэрхүү юм бол байдаг л зүйл санагддаг. Гэтэл хайртай хүмүүс чинь хорвоогоос халихад тэр мөч бүхэн ямар үнэтэй байсныг мулгуу бид ухаарна. Тиймээс хожимдсон хойно нь харамсахгүйн тулд одоо байгаа бүхнээ хайрла, нандигна. “Be in the moment” гэж хэлц байдаг юм. Эцсийн эцэст чамайг унаж, мохож, шалдаа бууж, эмнэлгийн орон дээр өвдөж хэвтэхэд ээж аав, гэр бүл чинь л дэргэд байна. Залуу насаа, амьдралаа мөнх юм шиг битгий бодоорой залуусаа. Мөн ээж аавыхнаа хэлэх үгийг сайн сонс. Дараа нь тог хийтэл ой руу ордог юм шүү!

5. "Амьдралд битгий яар"

Охидуудаа өсч байгааг хараад аав маань дандаа ингэж хэлдэг байсан. Хайр дурлал, залуус гээд л өсвөр насанд бид их л гэнэн цайлган, мөрөөдлийн ертөнцөөр явдаг. Тэрийг би тойроогүй туулж өнгөрсөн. Үе тэнгийн тэр хэн нэгэнд сэтгэл алдарч дурлаад л юу юугаа өгөхөөс ч буцахгүй үе охид хөвгүүдийн амьдралд байнга л тохиодог. Тэрэн шиг манай дүү бид хоёрыг хөл алдраад ааваасаа илүү хаа хамаагүй нэг залууг хайрлаад байгааг харж суугаа аав маань нэг талаар охидоо харамласных, нөгөө талаар охидоо амьдралд яарч алдах вий дээ, гэснийх байх. Аав маань: “Би та нар шиг эрин үе, нөхцөл бололцоонд өссөн бол өдийд будаа болгож байгаа даа” гэж уулга алддаг юм. “Одоо үе бид нарын үе биш шүү дээ. Бүх боломж, гарц, сонголт нээлттэй байна. Сурч боловсор, өөрийгөө хөгжүүл, аялж зугаалж наргиж цэнгэ. Нэг хар юмны гарт орж, айлын авгай болох гэж юундаа яардаг юм” - гэж олон ч удаа хэлсэн. Би гэдэг хүн яахав аан за за, гээд ойлгож байгаа үгэнд нь ордог сайн охин болсон хэдий ч бас сайн ярьвал амьдралд эрт орсон хүн. Би өөрийгөө алдсан гэхгүй, гэхдээ амьдралаа жоохон төлөвлөж, бэлэн болсон хойноо зохиосон бол гэж бодох үе олон байсан. Ялангуяа хүүхэд гаргаад нөхөр маань өөр улсад сурч байх үед би ганцаараа шөнө дөлөөр босч, халуурч бүлээрч байгаа хүүгээ яахаа мэдэхгүй аргаа ядаж байгаа намайг хараад өрөвдөх аавынхаа тэр харцнаас мянган үгээр илэрхийлэхгүй тэр ухаарлыг ойлгож авсан. Аавын тухай дуу байдаг даа “Үггүй зэмлэсэн харцнаас нь Үнэний ухаарлыг авлуу даа” гээд. Тэр дууны үг тэр мөчид л ой руу минь орж билээ. (Өөрөө хүүхэдтэй болсоны дараа их олон дууны үгийг утгаар нь ойлгодог болдог юм байна лээ).

Мэдээж хүн болгон цаасан дээр төлөвлөгөө гаргаад л, одоо ингэнэ, тэдэн жилийн дараа тэгнэ гэж амьдардаггүй. Амьдрал ч өөрөө угаасаа тэгэж явдаггүй. Гэхдээ чи бас өөрийгөө 5-10 жилийн дараа хаана, юу хийж байхаар төсөөлж байна вэ? Түүнийгээ суурь болгоод өөртөө юу чухал вэ гэдгийг ялгаж салга. Энэ зөвхөн охидод ч хамааралтай биш. Хөвгүүд ялгаагүй. Хариуцлага хүлээж, гэр бүлээ тэжээх, ээж ааваасаа хараат бусаар амьдрах чадваргүй байж юуны туханд хүрэлгүй авгай хүүхэд авах гэж яардаг нь манай үеийнхэнд ч олон, одоо ч улам олширсоор. Энэ нь олонхдоо гэр бүл салалт, ганц бие эхчүүдийн тоог нэмэж байгаа нь даанч харамсалтай байна. Тиймээс амьдралыг чинь шийдэх том том асуудлуудад сэтгэлийн хөөрлөөр биш, нухацтай ханд. Ажил ч тэр, амьдралд ч тэр.
  
6. Ажил, цалин битгий гол

Миний хамгийн анхны цалин авсан цагийн ажил Мексик ресторанд зөөгчийн ажил байсан. Тэрнээс хойш угаагч, цэвэрлэгч, орчуулагч, баристер, худалдагч, телевизийн хөтлөгч, багш гээд олон ажил хийж үзсэн. Эдгээр ажлуудыг хийснээр би янз бүрийн хүмүүстэй харьцаж, элдэв тоног төхөөрөмж ажиллуулж, төрөл төрлийн мэргэшлийн арга барилд суралцсан. Эдгээр нь дараа амьдралд хэрэг гарах үе бишгүй байна.


Өнөө үед Монголчууд маань бүгд л дарга, захирал болох хүсэлтэй юм шиг. Тэгээд энгийн ажил хийхгүй гэж голдог. Ихэнх ажлын амжилт чинь багаас, доороосоо л эхэлж, сайнтай муутай нь дотроос нь гадна үзэж байж түүндээ гаршина. Ажил хайхдаа цалинг битгий урьтал болго. Чи тэр ажлыг хийснээр тэрнээс өөртөө юу авч үлдэх вэ, юу сурах вэ гэдэг л чухал. Залуу байхад та нарт гэр бүл, байрны мөнгө төлөх, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт жуман хариуцлага бага, өөрийгөө л болгож байвал сайн хэрэг гэгддэг үе. Мэдээж хүн бүр ажил хийж ээж аавдаа талхны мөнгөнд нэмэр болохыг хүсдэг ч энэ нь олон хүний хувьд ажил хийх ганц шалтгаан нь байдаггүй. Тиймээс өөрийгөө нээж, янз бүрийн ажил хийж үз. Тэр дундаас чиний хийх дуртай нэг зүйл гарч ирж магад. Түүнийгээ цааш нь хөгжүүлээд өөрийн мэргэжил, бизнес санаа болгох хүсэл ч төрөхийг хэн байг гэхэв.

7. Зөв хүмүүсийг дага, тэднээр өөрийгөө хүрээлүүл

Амьдралд чи зуу зуун хүнтэй учирна. Бага сургуулиас эхлээд ажлын байр хүртэл. Тэр дундаас чи өөрийн шүүлтүүрээр шүүж хамгийн зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. (Би энд баян, нэр нөлөөтэй, сурлага сайтай гэж хэлээгүй шүү).

"Сайныг дагавал сарны гэрэл" гэж үг байдаг даа. Тэгсэнээр чи тэр хүмүүсээс янз бүрийн юм суралцана, тэр хүмүүс чамайг өөд нь татна, чамд өөрийгөө хөгжүүлэх боломж нээж өгнө, ахиад цаашаа чамайг хүмүүстэй танилцуулна, зовох үед чинь тус болно. Өнөө үед хамгийн хэцүү нь хүний мөн чанарыг ялгаж салгах. Гэхдээ энэ нь аяндаа цагийн эрхэнд, амьдралын нугачаанд танигддаг. Намайг хүүхэд гаргаад гэртээ байхад сайн уу, юу байна? гэж ам ангайдаггүй байсан хүмүүс Сингапур яваад л жоохон өөдлөөд ч гэх юмуу, нүхнээсээ цухуйгаад ирсэн чинь надтай харьцах хандлага нь өөр болж намайг илүү сонирхох болсныг би ажигласан. Хүн гэж ийм л амьтан. Тиймээс чи хүмүүсийг танихын тулд цаг хугацаа хэрэгтэй. Хүүхэд байхад сайндлаа муудлаа гэж л байдаг. Гэхдээ амьдрал дээр чи өөрийгөө хамгаалах үүднээс нэг тодорхой хүрээлэл үүсгээд тэр дотроо үнэхээр итгэлийг чинь дааж чадах цөөн хэдэн хүн, чиний дотор байгаа авъяас чадварыг чинь нээж, дэмжих хүмүүс, тэгээд гэр бүлийнхнийгээ л багтаа. Бусад хүмүүстэй эн тэнцүү, эвтэй найртай харьцахад л болно. Манай ээж хэлдэг юм, “Мөнхийн найз гэж байдаггүй, Мөнхийн эрх ашиг л гэж байдаг”. Энэ нь үнэний ортой ч юм шиг. Би ч нэх ашиглуулчихсандаа ингэж байгаа юм биш л дээ. Олон ч сайхан найз нартай. Гэхдээ бас бодож явахад илүүдэхгүй байх.

8. Хариу нэхэлгүй тус хүргэж бай

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. Чи сайн явах өдөр нэг байхад, саар явах өдөр бас нэг байна. Хүмүүс чамаас туслалцаа гуйвал хариуд нь надад ямар ашигтай юм? гэлгүйгээр тус хүргэж сур. Би “Karma”-д (чиний хийсэн сайн/муу үйл чиний хувь заяаг тодорхойлох) итгэдэг. Чиний тус болсон хүн чамд эргээд хариу тус барихгүй ч гэсэн тэр чинь өөр нэгэн байдлаар чамд дараа хэзээ нэгэн цагт эерэгээр илэрнэ. Бид дэм дэмэндээ л өсч хөгжинө.Мөн тус хүргэхээс гадна аль болох нүгэл, бусдыг хорлох зүйл битгий хий, битгий хүнд муу сана. Бурхан аяндаа бүгдийг нь чиний өмнөөс зохицуулчихна. 

9. Эрүүл хооллож дасгал хий

Ихэнх хүмүүс мэдээж шүү дээ л гэх байх. Гэхдээ яг идэж байгаагаа хянаад, тогтмол дасгал хийдэг хүмүүс ховор. Цаг, мөнгөний бололцоо гээд янз бүрийн шалтаг бий. Үе тэнгийн залуус, ялангуяа эрчүүд маань ааваас минь бүдүүн байхыг хараад сэтгэл өвдөх шиг. Дасгал хийнэ гэдэг сайхан харагдаж, дуртай даашинзиндаа багтахаас илүү эрүүл мэндэд чинь л хэрэгтэй. Чи залуудаа бие мах, булчингуудаа чангалаад авчихвал хөгширсөн ч гэсэн тодорхой хэмжээнд бие чинь галбираа барина. Эмэгтэй хүмүүс ихэнх нь таргалалтын зовлонг хүүхэд гаргахдаа л мэдэрдэг. Зарим нь эргээд турж чаддаггүй. Харин анхнаасаа биеэ цэгнээд, тогтмол дасгал хийх зуршилтай болчихвол өөрт чинь л хэрэгтэй. Дасгал хийж хэвшихэд анх хэцүү байдаг. Нилээн тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Гэхдээ чи нэг хийгээд дасчих юм бол улам л хийгээд баймаар болдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Жим, фитнесс явахад үнэтэй гэж байвал заавал тэгэж явах албагүй. Йога (yoga) хийхэд ганц дэвсгэр, жоохон талбай хэрэгтэй. Дасгал хийх тусам тэр чинээгээр эргээд чи эрч хүч авна. Гэх мэт олон шалтгаан байна л даа. Чи үүнийг залуу, завтай байгаа дээрээ л хийвэл эргэж хараад харамсахгүй. Амьдралд ороод завгүй болоод ирэх тусам дасгал хийхгүй байх шалтаг мундахгүй. Дээрээс нь 30 нас гараад метаболизм чинь суларч, чи хэчнээн бага идсэн ч залуугийнх шигээ шингээж чадахаа болино.

10. Aял (Бололцооныхоо хэрээр) 

Өөрийн орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон дэлхийн бусад орноор аялснаар чи улс улсын түүх соёлтой танилцана. Хүмүүсийн амьдрах хэв маяг, ёс заншил, ярих яриа улс бүрт өөр. Улс битгий хэл нэг улсын өөр хотуудын амьдралын хэв маяг ондоо. Ингэж аялснаар олон юм шинээр мэдэж, нүд тайлж, чих онгойхоос гадна, чи өөрийнхөө хэр өчүүхэн амьтан бэ гэдгийг мэдэрнэ. Манай монголчууд жоохон ихэмсэг талдаа улс. Гэтэл гадагшаа гараад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээр өөрийн эрхгүй “жижгэрдэг”. Яс юман дээр чи хэчнээн баян тарган, нэртэй төртэй байгаад дэлхийн тавцан дээр чи 7 тэрбум хүний л нэг.

Мөн аялахаар хамгийн гоё юм нь маш олон шинэ санаа төрдөг – “Манай монголд ийм юм хэрэгтэй юм байна, бас энэн шиг үйлчилгээ байвал зүгээр юм байна” гэдэг ч юмуу санаа аваад энэ нь чиний шинэ бизнес санаа ч болчиж болно.

Мэдээж хүн болгон аялах боломжгүй гэж уншигчид надруу дайрдгаар дайрах байх. Би боломжоороо л гэлээ. Энэ боломжийг өөрөө ч бий болгож болно. Манай нэг найз охин байдаг юм. Ерөөсөө үнэтэй хувцас, гутал цүнх, гангараа гэж мөнгө үрдэггүй. Харин тэр мөнгөө цуглуулж байгаад үе үе нэг бяцхан аялал хийчихдэг юм. Тэгэхээр мэдээж чамд яг юу чухал вэ гэдэг нь гол асуудал.

*дүрсүүдийг tumblr.com хуудаснаас авсан болно.

COMMENTS

BLOGGER: 39
Loading...
Name

Боловсрол Дурсамж Нийгэм Технологи Тэтгэлгээр суралцах Үзэл бодол Хувь хүний хөгжил Шинэ нийтлэл эмэгтэйчүүд Эрүүл мэнд
false
ltr
item
Khongorzul Bat-Ireedui: АРВАН хэдтэй идэр залуучуудад өгөх АРВАН зөвлөгөө
АРВАН хэдтэй идэр залуучуудад өгөх АРВАН зөвлөгөө
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh9m06-a8VZ1SRJ38p4mnzLzooug81faSRBPL5Mt6dMo7IzmfXouXotRD6s3etpDg0TYrVPgEbV9v79BeiHxvyl_P0d3ady18WQxTfqjSRhoZabAdjlmqCkrQZY_KWOsMfzXIf31J58f8c/s320/tumblr_mwwmzwxxEI1t3amhko1_500.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh9m06-a8VZ1SRJ38p4mnzLzooug81faSRBPL5Mt6dMo7IzmfXouXotRD6s3etpDg0TYrVPgEbV9v79BeiHxvyl_P0d3ady18WQxTfqjSRhoZabAdjlmqCkrQZY_KWOsMfzXIf31J58f8c/s72-c/tumblr_mwwmzwxxEI1t3amhko1_500.jpg
Khongorzul Bat-Ireedui
http://www.khongoro.com/2013/11/blog-post.html
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/
http://www.khongoro.com/2013/11/blog-post.html
true
1249590221119579348
UTF-8
Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS CONTENT IS PREMIUM Please share to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy